Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг МАРГААШ цахимаар хичээллэнэ

Нийслэлийн бүх шатны сургууль, цэцэрлэг МАРГААШ цахимаар хичээллэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцсөний үндсэн дээр Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамжийг өнгөрсөн баасан гарагт гаргасан билээ. 

Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу маргааш нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх, нийслэлийн зарим байгууллагын албан хаагчдын 60-аас доошгүй хувийг гэрээс нь ажиллуулах, тодорхой гудамж, замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах зэргээр зохицуулалт хийхээр болсон.

Захирамжийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга:

  • Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх;
  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладгаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулах;
  • Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах;
  • Чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах;
  • Замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчилж, хязгаарласан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдал, бэлэн байдлыг хангаж, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллах;
  • Замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдан ажиллах зэргийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Тус өдөр зах, худалдааны төв, худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй. Мөн захирамжийн хүрээнд байгууллагын албан хаагчдын 50-иас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөжээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө