ҮНДСЭН ХУУЛЬ: Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх санал дэмжигдэв

ҮНДСЭН ХУУЛЬ: Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх санал дэмжигдэв

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө МАН, АН-аас гарсан ажлын хэсэг гурван асуудлаар зөвшилцөхөөр ажиллаж байна.

ТОДРУУЛБАЛ,

  • Сонгуулийг холимог системээр явуулах
  • Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилж танхимаа бүрдүүлдэг байх
  • Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог байх гэсэн АН-ын саналыг хүлээж авч Үндсэн хуульд оруулах эсэхийг хэлэлцэж байгаа юм.

Өчигдөр тус ажлын хэсэг хуралдаж Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх буюу өөрөө сайд нараа томилж танхимаа бүрдүүлдэг байх гэсэн саналыг дэмжиж Үндсэн хуульд оруулахаар санал нэгджээ.

Харин Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог байх, Сонгуулийг холимог тогтолцоог явуулдаг болох гэсэн хоёр заалтаар эцсийн байдлаар санал нэгдэж чадаагүй байна. Ажлын хэсэг пүрэв, баасан гаригт мөн хуралдаж дээрх хоёр саналыг хэрхэх талаарх дүгнэлтээ гаргах юм.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг МАН, АН дэмжсэн. Харин уг асуудлаар Ерөнхийлөгчтэй сайтар зөвшилцөх шаардлагатай гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас байр, сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийг парламентаас сонгдог хувилбарын хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдахгүйгээр энэ саналыг хэлэлцэх боломж бий” гэж хэлсэн юм.

Ерөнхийлөгчийг парламентаас томилдог байх саналыг Үндсэн хуульд оруулах эсэхийг тодорхой болгосны дараа сонгуулийн системийг ярих юм байна. Ямартай ч парламентад суудалтай хоёр нам сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад санал нэгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн саналыг хүлээж байна.