Шинэхэн гавьяат Ц.Цогтбаатар “Токио-2022” их дуулгад зодоглоно

Шинэхэн гавьяат Ц.Цогтбаатар “Токио-2022” их дуулгад зодоглоно

Энэ сарын 26-ны өдөр /2022.11.26/ Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн билээ.

Тэрбээр жүдо бөхийн спортоор 15 жил хичээллэхдээ тив, дэлхий, олон улсын дээд ангиллын тэмцээнүүдэд амжилттай оролцон 12 хүрэл, 5 мөнгө, 6 алтан медаль хүртэж, Өсвөр үеийн дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болж, “Токио-2020” зуны олимпын их наадмаас хүрэл медаль, 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг хүртэж эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн хөдөлмөр зүтгэл, жүдо бөхийн спортын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэн юм.

Тэгвэл ирэх арванхоёрдугаар сарын 3-4-нд Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн их дуулга болох бөгөөд энэхүү тэмцээнд 63 орны нийт 367 (эрэгтэй 216, эмэгтэй 151) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 13 жүдоч хүч үзэхээ мэдүүлжээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, Б.Нармандах, 73 кг-д дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, 81 кг-д Л.Сэргэлэн, -100 кг-д О.Хангал, +100 кг-д Л.Энхболд, О.Цэцэнцэнгэл нар барилдах бол эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д Э.Энхзул нар зодоглох юм.