Дундговь аймаг "буцалтгүй тусламжаар залуусыг дэмжих 10 сая төгрөг"-өө "Алимны цуугаар тураах цай" бэлдсэн залууст олгожээ

Дундговь аймаг "буцалтгүй тусламжаар залуусыг дэмжих 10 сая төгрөг"-өө "Алимны цуугаар тураах цай" бэлдсэн залууст олгожээ

Залууст өдгөө "техникийн боловсрол"-ыг түлхүү олгох хэрэгтэй талаар зарим судлаачид тогтмол сануулдаг. Учир нь улс орныг инженер, залуу зохион бүтээгчид хөгжүүлэх болохоос нийгмийн шинжлэх ухаан хөгжүүлэхгүй гэдэг. 

Тэгвэл Монгол Улс өдгөө өөрийн гэсэн технологийг олон улсад нэтрүүлэх байтугай олон улсын шинэчлэгдсэн технологиудыг ч улсдаа оруулж ирж чадаагүй л явна. Үүний нэг шалтгаан нь манай улсад залуу зохион бүтээгч алга. Бид инженерчлэлийн сургалтыг хэзээнээс боловсролын системдээ ч суулгаагүй. Ингэснээр өнөөдөр монголын залуусын бүтээх зүйлс нь тураах цай, залуужуулах ундаа болжээ.

Энд нэгэн жишээ дурдвал өнгөрсөн аравдугаар сар /2022.10/-д Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулдаг "Гарааны бизнесээ эхлүүлж буй хөдөлмөр эрхлэх чинь хүсэлтэй залуучуудыг дэмжих зорилгоор 10 сая төгрөгийн шагналын сан бүхий уралдаан зарлажээ.

Уг тэмцээнд алимны цуугаар тураах цай хийсэн нэр бүхий залуус түрүүлсэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Тодруулбал, Дундговь аймагт бизнес эхлүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор арван сая төгрөгийн гарааны санхүүжилт, буцалтгүй тусламж олгох хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Тэнцээнд найман баг өрсөлдөж эцсийн шатанд Гидропоник, Эко Лайф хэмээх хоёр баг үлдэж Эко Лайф буюу тураах цай бэлтгэж буй залуус түрүүлжээ.

Тус хоёр багийн бүтээгдэхүүнийг товч танилцуулбал, 

ГИДРОНИК БАГ: Гидропоник технологийн тариалалтаар малын шинэ, ногоон, уурагт тэжээл тариалах зорилготой. Гурван жил гаруй хугацаанд ХААИС-ийн эрдэмтэдтэй хамтран боловсруулжээ. Улмаар тариалалтаа эхлээд хоёр жил гаруй болсон. Мөн уг багийн судалгааны ажил дууссан. Патентжуулан шинэ инновацын бүтээгдэхүүн болгох зорилготой ажиллаж буй.
 
 
ЭКО ЛАЙФ БАГ: Брагг алимны цууг бусад нимбэгийн хүчил, цагаан гаа гэх мэт бүтээгдэхүүнүүдтэй хольж, аймгийн иргэдээ тураах үйлчилгээтэй бодисоор хангах үйлдвэрлэл явуулах зорилготой. Уг санаачилгыг аймагтаа фитнес клуб ажиллуулдаг Цолмонгэрэл, Баттүвшин хэмээх эхнэр нөхөр хоёр, бизнесийн хамтрагч болох н.Дашмаа нар гаргажээ.
 
 
Сонирхуулахад, Эко Лайф тураах цайны гол орц болох алимны цуу нь хүний биед дараах сөрөг нөлөөг үзүүлдэг. 
  • Өндөр хүчиллэг, гастрит, нойр булчирхайн үрэвсэл, ходоодны шархлаа, цочмог болон архаг бөөрний үрэвсэлтэй хүмүүст эсрэг заалттай,
  • Элэг, бөөрний дутагдал, янз бүрийн этиологийн гепатит, элэгний хатуурал, бөөрний чулуу, цөсний хүүдийд хэрэглэхийг болохгүй,
  • Шээс хөөх эмийн шинж чанартай, хэрэглэх нь циститэд эсрэг заалттай байдаг,
  • Шингэлээгүй цуутай бургуй хийж болохгүй - энэ нь гэдэсний ашигтай микрофлорыг устгаж, салст бүрхэвчийг гэмтээдэг. 

Түүнчлэн хүний биед сөргөөр нөлөөлж болзошгүй бүтээгдэхүүнийг сайтар судалж, туршиж, олон улсын чанар шинжилгээнд хамруулж худалдаалан борлуулах ёстой ч Монгол Улсад энэ мэт тураах бэлдэм хяналтгүй зарагдсаар хэн сонирхолтойн үйлдвэрлэж байгаа юм. Мөн хамгийн ноцтой нь Эко Лайф тураах цайг үйлдвэрлэгчид "өглөө өлөн элгэн дээрээ уухыг тайлбар дээрээ зөвлөжээ" гэвч уг цайны ихэнх орц хүчил ихтэй. Дангаар нь хэрэглэвэл бактери устгадаг. Өөх шатаадаг гэх бүтээгдэхүүнүүдийг нэгтгэжээ. Тухайлбал, Цагаан гаа, турмерик, синнамон зэрэг хүнсний амтлагчид, будагчид багтсан байгаа юм.  

Дээрх тэмцээнийг Дундговь аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нэр бүхий таван хүн шүүж аймгийн иргэдээ тураах алимны цуу бүхий ундааг сонгосон. Харин санхүүжилт нь тус аймгийн төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгө гэх. Уг тэмцээн Монгол Улсад технологи бус тураах цайны маркетинг ноёрхож буйг харуулав. Иймд бид хүүхдүүдээ багаас нь инженерчлэлийн сургалтад хамруулж, технологи үйлдвэрлэдэг залуусыг бий болгох зайлшгүй шаардлагатай болжээ.