Г.Занданшатар: Гишүүд хэлэх үгээ урьдаас бэлтгэж, үндэслэлтэй санал хэлдэг болмоор байна. Бэлдээгүй бол дэмий зүйл ярьж, цаг үрэх хэрэггүй

Г.Занданшатар: Гишүүд хэлэх үгээ урьдаас бэлтгэж, үндэслэлтэй санал хэлдэг болмоор байна. Бэлдээгүй бол дэмий зүйл ярьж, цаг үрэх хэрэггүй

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы хуралдааны үеэр парламентын гишүүдэд хандаж үг хэлсэн юм. Тэрбээр;

Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ,

Улсын Их Хурлыг даргалж байгаагийн хувьд Та бүхний анхаарлыг дараах хэдэн асуудалд хандуулах зайлшгүй шаардлага байна гэж үзэж, цөөн үг хэлэхийг хүссэн юм. Болгооно уу. Улс орны байдал хүнд байна. Үнийн, валютын ханшийн өсөлт, орлогын хомсдол үргэлжилсээр байна. Энэ байдал ирэх онд ч үргэлжилж мэдэхээр байгаа.

Ийм нөхцөлд:

Иргэдээ төлөөлж төрийн эрхийг барьж буй УИХ-аас, биднээс олон зүйл шалтгаална гэдгийг чин сэтгэл, зүрхээрээ мэдэрч ажиллах хэрэгтэй байна.  Хуралдаан цагтаа эхэлдэг болсон. Ирц хүрээгүйгээс хойшлох, тасалдах байдал үндсэндээ зогссон. Үүний үр дүнд чамгүй олон хууль баталж байгаа. Гэвч баталсан хуулийн зарим зүйл, заалт амьдралд нийцэхгүй байна гэсэн санал, хүсэлт иргэдээс ирсээр байна. Энэ бол хуулиар зохицуулах харилцаагаа уг углуургаар нь бүрэн мэдэрч чадаагүй, гоомой дутуу хандсанаас болж байгаа нь ойлгомжтой.

Хуулийн төслийн чанарт анхаарах хэрэгтэй байна. Хууль санаачлагчид түүхий, дутуу төслөө “Их Хурал учрыг нь олно биз” гээд, парламентын босго давуулан шиддэг байдлыг зогсооё. Эрдэмтэн судлаачид, иргэдийнхээ саналыг авахгүйгээр яаран өргөн барьдгийг эцэслэе. 80 гаруй зүйл, заалттай хуулийн төсөлд 90 шахам засвар өөрчлөлт оруулсан талаар би энэ индрээс хэлж байсныг Та бүхэн санаж байгаа байх. Муу боловсруулсан хуулийн төслийн “бөөс хуурсыг” парламентын танхимд түүж суух ёсгүй.

Мөн хууль батлахдаа дагасан маш олон хуулийн өөрчлөлтийг УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцдэг нь маш их цаг авч байна. Саяхан Монгол Улсын 2023 оны төсвийг батлахад, дагаж 103 хууль, 6 тогтоолд өөрчлөлт орсон. Тэдгээр өөрчлөлтийг цахим технологи ашиглаж хуульдаа тусгадаг болъё.

Ёс зүй, сахилга хариуцлагаа сахиж, нийгэмд үлгэр дуурайл болох хэрэгтэй байна. Хуралдааны үеэр үлгэргүй байдал гаргах, зүй зохисгүй үг хэрэглэх, бусдыгаа гутаан доромжлохоо зогсооё. Хоосон маргалдах, баталгаагүй мэдээллээр олныг төөрөгдүүлэх, эсвэл хэт мэргэн түргэн хүн болох гэж оролдох нь өөрийнхөө болон парламентын нэр хүндийг унагаж байна. Гишүүд хэлэх үгээ урьдаас бэлтгэж, гарцаагүй чухал, үндэслэлтэй санал хэлдэг болмоор байна. Бэлдээгүй бол дэмий зүйл ярьж, цаг үрэх хэрэггүй.

Хуралдаан хангалттай ирцтэй эхэлсэн ч санал хураах болоход 10 гаруйхан гишүүн байдаг нь хэвийн үзэгдэл боллоо. Саналаа хэлчихээд өрөөндөө орж, бусад ажлуудаа цэгцлэх, дотоод сүлжээгээр хуралдаанаа сонсож, хардаг, сонгогчидтойгоо болон албаны уулзалт хийх зэрэг шалтгаан гишүүдэд байдаг. Гэхдээ энэ нь арван хэдхэн хүн хууль хэлэлцэж байна гэж ард нийтэд харагддаг.  Өнгөрсөн баасан гарагт Газрын тухай хууль хэлэлцэх үеэр яг ийм байдал гарсныг иргэн Дамбадаржаагийн Жаргалсайхан буюу “де факто” шүүмжилсэн. Энэ хуулийг хэлэлцэхээс зугтаж байгаа гишүүдийг газрын наймаатай холбоотой гэж үзэхээс өөр аргагүй гэж олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлсэн. Надад шаардлага тавьсан. Би үүнийг шударга, зөв шаардлага гэж үзэж байна.

Тиймээс хуралдаандаа гишүүд тогтмол, биечлэн сууж оролцдог болъё. 

Сүүлийн хоёр 7 хоногт олон гишүүн гадаад, дотоодод явснаас ирц бүрдэхгүйд хүргэлээ. Улс орны гадаад бодлого, олон талт харилцаанд Монгол Улс оролцож байх нь зүйн хэрэг. Гэхдээ олон чухлаас зайлшгүй чухлыг сонгож оролцдог болъё. Улс орны байдал амаргүй байгаа энэ үед төсвийн мөнгөөр гадаад явахаас татгалзах хэрэгтэй байна. Эхний ээлжинд намрын чуулган өндөрлөх хүртэл нэн шаардлагатайгаас бусад арга хэмжээнд оролцохыг зогсоох арга хэмжээ авч болно гэж бодож байна. Ингэвэл Төсвийн хэмнэлтийн тухай хуульд ч нийцнэ.

Намын бүлгүүд олон, цөөнөөрөө хуваагдах биш, оюун ухаан, ойлголт зөвшилцлөөр, нийтийн эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах шаардлагатай байна. Олноороо түрээ барих, цөөнхөөрөө сөрөх хоёрын аль аль нь Монголын эрх ашигт нийцэхгүй.

Бидэнд Монголын ард түмэн төр улсын эрхийг итгэж атгуулсан гэдгийг өдөр тутам санаж ажиллая.  Энэ үг үнэмлэхүй олонх болсон манай намд илүү хамаарна. Английн гүн ухаантан, суут сэтгэгч Фрэнсис Бэконы “Намууд өөдөө гарахдаа тулгуураа олохыг бодох хэрэгтэй. Оройд гараад тэнцвэрээ олох ёстой” гэсэн үгийг зориуд эшэлж хэлье.

Улс орныхоо өнөөдрийг бодолцож, маргаашийг харж, өөрийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийж ажиллацгаая. Улс орноо, ард иргэдээ бодож, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, зөвхөн улсаа, ард түмнээ бодож зүтгэе. Энэ парламентад УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас гадна Сайд нарын 65 хувь нь сууж байна. Тэгэхээр УИХ-аас УИХ-ын өөрийн, Засгийн газрын, цаашлаад Монгол Улсын нэр хүнд, хувь заяа хамаарч байгааг ухамсарлацгаая.

Эцэст нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, философич Бүдрагчаагийн Даш-Ёндон тэртээ 1993 онд УИХ дахь Намын бүлгийн гишүүддээ хандаж хэлсэн үгэндээ дурдсан “УИХ-ын гишүүн бол бүхний дээр байгаа эрх мэдлийн бурхан тэнгэр биш ээ. Хэрэв УИХ-ын гишүүнд ихээхэн эрх мэдэл байдаг бол түүнийг зөвхөн төрийн бодлогын сонирхлын үүднээс ашиглах ёстой” гэснийг сануулж, үгээ өндөрлөе. Та бүхэндээ төрөө түшиж, түмнээ энэрэх, улсаа мандуулах үйл хэрэгт чинь амжилт хүсье ээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.