Г.Дөлгөөн: "Замбуулин" нэртэй хотхон байдгийг ч мэдэхгүй

Г.Дөлгөөн: "Замбуулин" нэртэй хотхон байдгийг ч мэдэхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар /2022.12.01/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Монгол банкны удирдлагуудтай холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн. 

Тодруулбал тэрбээр "Дампуурсан Капитал банканд НДС-ийн 104.2 тэрбум төгрөг байна. Энэ мөнгөнөөс нийт 37 тэрбум төгрөгийн бага зэргийн мөнгөн хөрөнгө, 25 төрлийн 78 нэр төрлийн хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрээр хураан авсан. Улмаар найман удаагийн дуудлага худалдаа явагдсан. Одоогоор 17 тэрбум төгрөгийн 51 хөрөнгө зарагдаагүй байгаа. Хүн тоохгүй байна.

Гэтэл Монгол банкны хүлээн авагчид тэндээс үнэ бүхий эд хөрөнгийг өөрсдийн дураар хурааж Монгол банк болон захирлынхаа мэдэлд авч байна. Энэ үнэхээр байж болохгүй асуудал. Монгол банк арилжааны банкийг дампууруулдаг. Өмч хөрөнгийг нь дээрэмддэг. Хуучин гарч байсан асуудал. Одоо үргэлжилж байна. Тухайлбал, Сэлхийн зусланд "Замбуулин виллаж" гэж хотхон байгаа. Алтны компани барьсан. Өрөндөө Капитал банканд хураалгасан. Үүнээс гурван ширхэг амины орон сууцыг Монгол Банк удирдлагуудынхаа мэдэлд хураан авсан байна. Ингэхдээ "Монгол банкны хөрөнгөөр тэндээ дотоод засал хийж тэргүүн дэд ерөнхийлөгч нь амьдарч байна" гэж иргэд ярьж байна. Гэтэл санд хураагдсан мөнгө нь борлуулагддаггүй олон төрлийн юм байдаг. Гол хөрөнгийг нь Монгол банк завшиж авч болох юм уу. Тийм учраас энэ асуудлыг УИХ-аас шалгах ёстой гэж үзэж байна" гэсэн юм. 

Уг мэдэгдэлтэй холбоотойгоор зарим хэвлэлд "Капитал банкны өрөнд хураан авсан орон сууцанд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн амьдардаг" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар бил Г.Дөлгөөнөөс тодруулахад, "УИХ-ын даргын захирамжаар Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаран манай банканд ажиллана. Ажлын хэсэг албан ёсоор дүгнэлтээ гаргасны дараа бид тайлбар өгөх нь зөв болов уу. Дүгнэлт гарч бүх асуудал нь тодорхой болох байх. Миний хувьд Т.Аюурсайхан сайдын хэлж буй байшинд амьдардаггүй. Тийм нэртэй хотхон байдгийг ч мэдэхгүй" гэв.