Мөрийтэй тоглосон ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ-ын ажилтан С.Баатарцогт нарыг ажлаас нь чөлөөллөө

Мөрийтэй тоглосон ГЕГ-ын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ-ын ажилтан С.Баатарцогт нарыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийтэй тоглосон нэр бүхий албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр “Төрийн албаны тухай хуулийн 40.2-т заасны дагуу Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталсан. Уг хуулийн 3.1.4-т Гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх хориглосон заалтыг оруулсан.

Уг заалтыг зөрчсөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэхь төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Тэд мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь холбогдох баримтаар нотлогдсон" гэлээ. 

Тэднийг ажлаас чөлөөлөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт үүрэг болгожээ. Мөн холбогдох баримтуудыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн ХХААХҮ-ийн төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.

-ЦАЛИНГААСАА ҮНЭТЭЙ БЭЛЭГ АВАХ, БИЗНЕС АНГИЛЛААР ЗОРЧИХ, БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙХ, АЛБАН МАШИНЫГ ХУВЬД АШИГЛАХ ЗЭРГИЙГ ХОРИГЛСОН ХУУЛИЙН ЗААЛТ БОЛОВСРУУЛНА-

Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хуулийн заалтад оруулахаар болсон. Ёс зүйн дүрэм зөрчсөн төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх хуулийн зохицуулалтыг шинэчлэн оруулахаар болсон. Үүнийг ном болгон хэвлүүлж олон нийтэд тараана.

Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглосон. Мөн ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл гаргахгүй байхыг нарийвчлан хуульд заана. Мөн бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байх заалтуудыг хуульд оруулна” гэлээ.