ТОЙМ: У.Хүрэлсүхтэй Японы хаан концерт үзсэн нь “Хоёр орны харилцааг эрхэмлэж буй” хүндэтгэл бол, Б.Батцэцэг хатны биед хүрсэн нь дипломат ёсны “бүдүүлэг” үйлдэл байв

ТОЙМ: У.Хүрэлсүхтэй Японы хаан концерт үзсэн нь “Хоёр орны харилцааг эрхэмлэж буй” хүндэтгэл бол, Б.Батцэцэг хатны биед хүрсэн нь дипломат ёсны “бүдүүлэг” үйлдэл байв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ долоо хоногт БНХАУ болон Япон Улсад “ажлын айлчлал” биш “төрийн айлчлал” хийсэн нь онцлох үйл явдлаа байлаа. Энэ удаагийн айлчлалаар Хятадтай “харилцаагаа шинэ эрин үед урагшлуулах” талаар хөндсөн бол, Япон Улстай “Энх тайвны төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэх асуудлыг ярьсан юм.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН БНХАУ-Д ХИЙСЭН ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР “НҮХЭН ГАРЦЫН САНХҮҮЖИЛТ” ЗЭРЭГ ЖИЖИГ АСУУДЛЫГ МАНАЙ ТАЛ ХӨНДЖЭЭ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр “Улаанбаатар хотод төмөр зам доорх гүүрэн байгууламж”-ийн санхүүжилт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн ажил хүлээлцэх акт зэрэг асуудлыг хөндөж баримт бичгийг байгуулсан явдалд зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь “төрийн айлчлал” илүү геополитикийн асуудлыг хөндөх ёстой байтал нүхэн гарцын санхүүжилт, буцалтгүй тусламж зэрэг “ажлын айлчлал”-ын түвшинд ярих ёстой зүйлийг ярилаа гэж байгаа юм.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-д газардахад, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Лю Жиньсун нарын албаны хүмүүс тосож авсан явдлыг зарим иргэд шүүмжилж, хүндэтгэл тааруу байна гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятадын Гадаад хэргийн дэд сайд Бээжин хотод угтан авав.

Тэгвэл энэ нь дипломат харилцааны хэвийн дэг жаяг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Саудын Арабын Хант улсад айлчлал хийхэд хотын дарга нь тосож авсан тохиолдол ч гарч байв. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюанынхаа хамтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Хятадын Ардын Их Хурлын ордонд хүндэт харуулын өмнө угтан авч, хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр Хятадын төрийн хүндэт харуулын цэргүүд ёслолын жагсаал хийж “Тяньаньмэний талбай”-д ёслолын буудлага хийсэн гэж албаны мэдээлэл гарсан. Энэ бүхэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “төрийн айлчлал”-ыг БНХАУ-ын тал өндөр дээд түвшинд зохион байгуулжээ.

-ДИПЛОМАТ ЁСОНД БУСДЫН БИЕД “ГАРААРАА ХҮРЭХ” НЬ БҮДҮҮЛЭГ ҮЙЛДЭЛ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн айлчлалаа өндөрлүүлээд шууд Япон Улсыг зорьсон байгаа юм. Түүнийг Японд газардахад тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ш.Такэи, Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Т.Шимада нарын албаны хүмүүс угтан авч.  Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Энэтхэг-Номхон далай”-н үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдсэн байна. 

Сонирхуулахад, Хятадын нөлөөг бууруулж, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд НАТО бүсчлэлээ “Энэтхэг-Номхон далай” болгон өргөжүүлээд байгаа юм.

Мөн Япон Улс бол зүүн өмнөд азийн орнуудын томоохон донор улс бөгөөд манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс юм. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Японд хийсэн айлчлалын үеэр хоёр тал, “Батлан хамгаалахын инженерийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсынхөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байгаа юм.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр Японы эзэн хаан Нарүхито, хатан Масакод бараалхаж, тэд хамтдаа Японы “NHK” телевизийн их танхимд манай “Морин хуур” чуулгын тоглолтыг үзсэн нь ховор тохиолдол бөгөөд Япон Улс У.Хүрэлсүхийн айлчлалд өндөр ач холбогдол өгч, хоёр орны харилцааг эрхэмлэж байгаагийн илрэл юм.

Морин хуурын концерт дуусах үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы хатан хааны биед гар хүрэв

Энэ үеэр манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы хатан Масакотой гар барихдаа “биед нь хүрсэн” зарим иргэдийн шүүмжлэлд өртсөн. Учир нь хаант ёсонд “хаан эсвэл хатан гар барихаар гараа танд өгөөгүй бол чи түрүүлж гараа өгөхгүй” гэсэн уламжлалтай. Харин хүний биед гар хүрнэ гэдэг бол дипломат ёсонд “бүдүүлэг” үйлдэл гэдэг. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал өндөрлөж, тэрбээр өчигдөр /2022.12.02/ эх орондоо ирсэн байна.