3,500 ажлын байрны нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

3,500 ажлын байрны нээлттэй хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Монгол Улсын томоохон 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 500 ажлын байр, Нийслэлийн Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй 3,000 гаруй ажлын байрууд нэгэн зэрэг нээлттэйгээр зарлагдах "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" CAREER EXPO-2019  хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг уламжлал болгон 2 дахь жилдээ МҮХАҮТ-ын хүлээн авалтын танхимд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 12:00-16:00 цагт зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” НҮТББ, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, холбогдох төрийн бус байгууллагууд дэмжин оролцоно.

Үйл ажиллагааны үеэр хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд оролцож ажил хайж буй залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн нарийн мэргэжлээр олон жил ажилласан, туршлагатай залуучуудад газар дээр нь ур чадварын шалгалтыг авч мэргэжлийн үнэмлэх олгох бөгөөд дотоод, гадаадын аль ч их дээд сургууль төгссөн, туршлагатай, туршлагагүй гээд ажил хайж байгаа залуу хүн бүрт нээлттэй болох гэж байгаагаараа онцлог юм.

Өнгөрсөн жил зохион байгуулагдсан "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" CAREER EXPO-2018 хөдөлмөрийн үзэсгэлэн яармагаар 60 орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 600 ажлын байр нээлттэй зарлагдаж, үйл ажиллагааны үеэр 1,100 гаруй залуучууд оролцсоноос 510 залуу ажлын байрны нөөцөд бүртгүүлж үүнээс 70 залуу нь тухайн өдрөө шууд ажилд орсон байна.        

Өнгөрсөн жилийн нээлттэй ажлын байрны өдөрлөгийн үеэр

"Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулах”, 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангах зорилгоор зохион байгуулагддаг юм.гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.