“Эрдэнэс-Тавантолгой” ХК зохион байгуулалттайгаар  “Шахмал түлш”-ийг эсэргүүцэж байна гэв

“Эрдэнэс-Тавантолгой” ХК зохион байгуулалттайгаар “Шахмал түлш”-ийг эсэргүүцэж байна гэв

Өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнууд “Ажлын байраа хамгаалъя” сэдэвт хэвлэлийн бага хурал хийлээ. Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр төмөр зам, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр, цэцэрлэг сургууль барихаа зогсоо гэсэн шаардлагыг Төрийн бус байгууллагуудын зүгээс тавьж, жагсаал, цуглаан хийхээ зарлаад байгааг эсэргүүцэж буй юм байна.

Энэ талаар “Тавантолгой түлш” компанийн нэгдүгээр үйлдвэрийн хяналтын инженер Д.Чимгээ хэлэхдээ, “Монголын ард түмэн дэлхийн брэнд нүүрсээр хийсэн сайжруулсан шахмал түлшээ яагаад хэрэглэж болохгүй байгаа юм бэ. Яагаад төрийн бус байгууллагын шахалт дарамт дор бүтээн байгуулалт зогсох ёстой гэж. Миний ар талд үйлдвэрлэл, тээвэр, борлуулалт гээд 700 гаруй ажилтнууд зогсож байна. Түүний ард гэр бүл, үр хүүхэд гээд бүхэл бүтэн амьдрал, сэтгэл санааг бодох ёстой. Манай үйлдвэр Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулах зорилгоор 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байгааг дуулгая” гэлээ.

Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн инженер З.Цэрэндорж хэлэхдээ,“Түүхий нүүрсийг хориглосон түүхэн шийдвэр гаргасан Засгийн газарт баярлаж байна. Сайны хажуугаар саар гэгчээр сайжруулсан шахмал түлшийг улс төрийн явцуу эрх ашигтаа ашигладаг улс төрийн хүчин, төрийн бус байгууллагууд бий боллоо. Бид амласан амлалт, хүлээсэн үүргээ биелүүлж, дэлхийн стандартын дагуу хийгдсэн сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллын 220 мянган өрхийг хангана. Харин үйлдвэрийн ажилтнуудын сэтгэл зовоосон, жагсаал цуглааныг эсэргүүцэж байна” гэсэн юм.