В.Путин, А.Меркель нар “Украинаар дамжуулан хий нийлүүлэх” асуудлыг хэлэлцжээ

В.Путин, А.Меркель нар “Украинаар дамжуулан хий нийлүүлэх” асуудлыг хэлэлцжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Германы Канцлер Ангела Меркель нар даваа гарагт утсаар ярих үеэрээ Украины асуудал болон Ойрхи Дорнодын байдлыг хэлэлцжээ. Хоёр улсын удирдагчид “Штайнмайерын томьёо”-г батлах хүрээнд Украины асуудлыг, түүний дотор Станица Луганск болон Золотое суурин дахь “туршилтын” хэсгүүдэд хүчнийхнийг байрлуулах, мөн энэ үйл явцыг Петровск хотод эхлүүлэх талаар хэлэлцсэн байна.

Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Минскийн гэрээ болон нөхцөл байдлыг зохицуулахад чиглэсэн бусад тохиролцоог даган мөрдөх нь чухал болохыг талууд онцлон тэмдэглэжээ. В.Путин, А.Меркель нар мөн “Нормандын дөрвөл”-ийн уулзалтуудад Москва болон Берлиний хүчин чармайлтыг зохицуулахаар тохиролцсоноос гадна, Украины нутгаар дамжуулан хий нийлүүлэх болзлын талаар хэлэлцсэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч, Германы Канцлер нар Ойрхи Дорнодын асуудлыг хэлэлцэх үеэрээ Ливийн байлдааны ажиллагааг ямар нэг урьдчилсан болзолгүйгээр нэн даруй зогсоохыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн Сирийн байдлын талаар ярилцахдаа, дүрвэгчдийг нутаг буцаах зэрэг хүмүүнлэгийн асуудлуудыг шийдэх нь чухал болохыг цохон тэмдэглэсэн байна. Хоёр улсын удирдагчид мөн янз бүрийн түвшинд холбоо харилцаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг