Ц.Нямдорж: Хүний хөрөнгөд дураараа халддаг үйлдэл саарал жагсаалтад ороход нөлөөлсөн

Ц.Нямдорж: Хүний хөрөнгөд дураараа халддаг үйлдэл саарал жагсаалтад ороход нөлөөлсөн

Монгол улс саарал жагсаалтад орсон асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нартай хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна.

Гэтэл УИХ-ын зарим гишүүд саарал жагсаалтад орсон асуудлаар дээрх хүмүүстэй хариуцлага тооцоод өнгөрч болохгүй. Тухайлбал, саарал жагсаалттай холбоотой асуудал Засгийн газрын ажил. Тиймээс Засгийн газрын нэр бүхий сайд тэр дундаа Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн Ч.Хүрэлбаатар нартай хариуцлага ярих ёстой хэмээн шүүмжилж буй. 

Уг шүүмжлэлд үндэслэн Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага аваад байгаа билээ.

Энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж саарал жагсаалтад орсон асуудлаар сонсгол хийх юм. Сонсголоор Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг сонсохоос гадна Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хариуцлага тооцох асуудлыг хөндөнө гэж буй.

Энэ талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж “ Н.Баяртсайханы яриагүй үлдсэн ярианы 90 хувийг сонсох хэрэгтэй. Ерөнхий бодлогод том өөрчлөлт хийж, эргэж харах юмнууд байгаа. Хүний хөрөнгөд халддаг, гадаадын хөрөнгө оруулалтыг хясан боогдуулдаг, дуртай үедээ хүч хэрэглэн үйлдэл хийдэг гэх мэт болгоомжлох зүйлүүд бий. Ийм болгоомжлолыг би байнга хэлж байсан. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт ялгаагүй чөлөөт зах зээлийн харилцааныхаа зарчмыг барьж, явж чадах юм уу, үгүй юм уу гэдэгт би хариулт өгөх гээд байна.

Мөнгө угаах гэмт хэргийг шалгахгүй байна гээд байгаа юм. АТГ дээр баахан хэргүүд шалгагдаж байна даа. Тэрийг л хэлээд  байгаа. Дараа нь хөрөнгө хураах ажил шүү дээ. Тэрийг хариуцдаг газрууд нь харамсалтай нь надтай хамаагүй. Би өөрөөсөө холдуулж байгаа юм биш. Би тэр ажиллагаанд орвол өөрөө хэрэгт ордог хуультай юм" гэлээ.