ШУУД ҮЗЭХ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх хугацааг хэлэлцэж байна

ШУУД ҮЗЭХ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх хугацааг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.46 цагт 65 гишүүний ирцтэй эхэллээ. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. 

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат горимын санал гаргав. Тэрбээр, "Үндсэн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж батлаагүй байхад дагаж мөрдөх хуулийн төслийг нь хэлэлцэж болохгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураасныхаа дараа дагаж мөрдөх журмын тухай хуулиа хэлэлцэх хэрэгтэй" гэсэн санал хэллээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар, Дагаж мөрдөх журмын хуулийн анхны хэлэлцүүлэг хийх учраас, эцэстээ батлах үед дараалал нь чухал болно гэдгийг тодотгоод, хууль, журам зөрчсөн зүйл байхгүйг хэллээ. 

Ийнхүү хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулах УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь татгалзлаа. Ийнхүү чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулж байна.

Шууд дамжуулалтын эх сурвалж: Парламент телевиз