Эрдэнэт үйлдвэрээс гарсан цагаан тоосноос болж ураг эхийн хэвлийдээ шохойжиж байна гэв

Эрдэнэт үйлдвэрээс гарсан цагаан тоосноос болж ураг эхийн хэвлийдээ шохойжиж байна гэв

Өнөөдөр /2016.05.28/ Орхон аймгийн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Учир нь тус аймгийн цагаан шорооны хөнөөлд өртөөд буй гурван багийн 12 мянган иргэн нийлж “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн” байгуулж байгаа аж. Эрдэнэт үйлвэрээс 40 жилийн турш гарсан хаягдал, шороо, шохой зэргээс үүсдэг цагаан шороо гэгчээр иргэд амьсалснаар харшилтай болж, ханиалга ихсэж, зүрх судасны өвчтэй болох тохиолдол нэмэгдэж байгаа тухай тэд учирлав. Сүүлийн гурван жил энэ асуудал улам хурцаар тавигдаж, иргэдийн дунд өвчлөл маш их болж байна. Одоогийн байдлаар уушги нь шохойжсон гурав, зүрх судасны өвчлөлөөөр бие нь хүнд байгаа 4-5 хүн, эхийн хэвлий дэх ураг шохойжсон хоёр тохиолдол гарсан гэв. Нөгөөтэйгүүр, тус багуудад газар тариалан эрхлэхгүй боломжгүй болж, жил ирэх тусам хүнсний ногооны ургац муудаж байгаа гэлээ.

Иймийн учир тэд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт дараах үндсэн шаардлагуудыг хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Үүнд:

-Цагаан тоосны голомтод амьдарч буй 12,000 иргэнийг нарийн шинжилгээнд бүрэн хамруулах бөгөөд улирал бүр үзэж, хянах;

-“Эрдэнэт үйлдвэр” ажиллаж эхэлснээс хойших 40 жилийн хугацаанд гарсан хаягдлын шохойнд хордож, хохирсон иргэн бүрт гурван сая төгрөгийн нөхөн олговор олгох бөгөөд цаашид сар бүр 200,000 төгрөг олгох;

-Цагаан тоосыг богино хугацаанд өндөр технологи ашиглах дарах ажлыг яаралтай зохион байгуулах, ингэхдээ иргэдийн төлөөллийг оролцуулж, хяналт тавих боломжийг бүрдүүлэх гэжээ.