THE HU хамтлаг "Чингис хаан" одон хүртэнэ

2019-11-18 11:36

Б.Дашдондог: The Hu хамтлагийнхан маань АНУ-д тоглолттой, би төлөөлж шагналыг нь авна

Энэ жил Төрийн дээд-Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг The HU хамтлагт гардуулах болсон тухай дөнгөж сая Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарласан. 

“Чингис хаан” одонг гардуулахаар болсон мэдээлэлтэй холбогдуулан The HU хамтлагийн продюсер Б.Дашдондогоос сэтгэгдлийг нь сонслоо.

-Сайн байна уу та. Төрийн дээд-Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг THE HU хамтлагт өгөхөөр боллоо. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-Сая хүмүүс утсаар холбогдож мэдэгдлээ. Энэ одонг хүртэх талаараа мэдээгүй байсан. Дөнгөж сая л мэдлээ. Маш том хүндэтгэл шүү дээ. Их баярлаж байна. The HU хамтлаг болон хамт олон маань маш их баярлаж байгаа байх, ойлгомжтой шүү дээ. Манай хамтлагийнхан гадаадад тоглолтоор явж байгаа. Манай хэд тус шагналыг авах болсноо мэдсэн байх аа. Эсвэл хараагүй явж байдаг юм болов уу. Миний хувьд одоохондоо арай л холбогдоогүй байна. Ямартай ч ийм сайхан одон авах болсныг маш том хүндэтгэл гэж харж байна. Энэ их хүндэтгэл, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй амжилттай ажиллах юмсан гэж бодох юм. Шагнал авах тусам илүү их итгэл, хариуцлага ирдэг юм байна. Илүү хариуцлагатай байх болно.

-The HU хамтлаг одоо хаана тоглолттой байгаа вэ?                  

-АНУ-д тоглолттой яваа. Арванхоёрдугаар сарын дунд хүртэл тоглолттой. Нийт 60 гаруй тоглолттой. 60 гаруй тоглолтоос 30-40 ийг л тоглоод байна. Тоглолтоо дуусгаад л ирнэ дээ.

-“Чингис хаан” одонг энэ сарын 27-ны өдөр буюу Чингис хааны мэндэлсний өдөр гардуулна. Энэ өдөр The HU хамтлагийнхан гадаадад тоглолттой учраас одонг гардан авч чадахгүй юм байна. Тийм үү?

- Би төлөөлж очиж авна даа. Хамтлагийнхан маань ирж чадахгүй л дээ. Төлөвлөсөн тоглолттой учраас таслаж болохгүй. Гэрээтэй ажил шүү дээ.

2019-11-18 10:54

THE HU хамтлаг "Чингис хаан" одон хүртэнэ

2019 онд "Чингис хаан" одон хүртэх эрхмийн нэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр  олон нийтэд зарлалаа.

Энэ жил Төрийн дээд-Тэргүүн зэргийн тус одонг THE HU хамтлагт өгөхөөр шийдвэрлэснийг дөнгөж сая Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарлалаа. 

Уг одонг Чингис хааны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 27-ны өдөр тус хамтлагт гардуулан өгөх юм.

2005 оноос хойш уг одонг 11 хүн хүртээд байгаа юм. Өнгөрсөн жил энэ одонг хэн нэгэнд хүртээгээгүй өнжсөн билээ.

"Чингис хаан" одон хүртэж байсан эрхмүүд:

           -2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

-2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

-2010 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж

-2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди

-2012 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

-2013 онд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном

-2014 онд Нэрт эрдэмтэн, академич Х.Намсрай

-2015 онд Нэрт яруу найрагч Г.Мэнд-Ооёо

-2016 онд МУГЖ, Дуурийн дуулаач Г.Ариунбаатар

-2017 онд Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр