УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэрэг прокурорт буцлаа

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэрэг прокурорт буцлаа

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт АТГ-аас нэр бүхий УИХ-ын гишүүдэд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тухайлбал өнгөрсөн есдүгээр сард Хүнс, хөдөө аж ахуйн  сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын зургаан хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан бөгөөд өнөөдөр /2019.11.18/ 14:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон юм.

Шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Батзориг нар өмгөөлөгчдийн хамт оролцсон юм. Тэгвэл дөнгөж сая Б.Батзориг нарт холбогдох Эрүүгийн хэргийг прокурорт буцаасан байна.

Б.Батзоригийг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар яллахаар зүйлчлээд буй. “Эрүүгийн хууль 22.1.3-т зааснаар, “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.