Ч.Саранзаяа: Д.Гантулгыг хаацайлж, хуурамчаар нотлох баримт үйлдсэн хэргийг шалгаж байсан Прокурор солигдлоо

Ч.Саранзаяа: Д.Гантулгыг хаацайлж, хуурамчаар нотлох баримт үйлдсэн хэргийг шалгаж байсан Прокурор солигдлоо

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрөгч оны зургадугаар сард УИХ-ын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгч, холбогдох удирдлагууд зөвшөөрснөөр чөлөөлсөн байдаг. Гэтэл түүнийг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэн хэсэг хуульчид Үндсэн хуулийн цэцэд хандсан. Харин Үндсэн хуулийн цэц энэ даваа /2019.05.27/ гарагт хуралдан “ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ” гэх шийдвэр гаргаад буй.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь ёс зүйг ухамсарлан, жирийн иргэний хувиар шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдэж байсан ч уг хэргийн явц өнөөдрийг хүртэл удаашралтай хэвээр байна. Тухайн үед хохирогч Ч.Н-ийг хүчирхийлсэн гэх хэргийн дараачаар буюу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс жил орчмын дараа мөн л хүчингийн гэмт хэрэг хийхийг завдсан байдаг. Гэсэн ч энэ оны нэгдүгээр сарын 30-нд уг хэргийн шүүх хурал болж Д.Гантулгыг цагдан хорих шаардлагагүй гэж шийдвэрлэн, Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж байв.

Одоо дээрх хоёр хэрэг хоёулаа ямар нэгэн ахицгүй гэж хэлж болохоор анхан шатны шүүх дээр хэвээр байна. Тодруулбал, Ч.Н-тай холбоотой хэрэг гэхэд анхан шатны шүүхээс мөрдөн байцаалт руу, мөрдөн байцаалтаас анхан шатны шүүх рүү гэсэн процессоор хоёр жилийн нүүр үзлээ. Энэ маягаар хугацаа хожиж, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байж болох юм гэх хардлага ч олны дунд байна.

Нөгөөтэйгүүр, саяхан Прокурорын байгууллагууд дотор томоохон “хөдөлгөөн” болж, хуучин прокурорууд ажлаа хүлээлгэж өгсөнтэй холбоотойгоор уг хэргийг шинэ прокурорт шилжүүлсэн. Хэрэг хүлээн авсан шинэ прокурор цаашид хэрхэн ажиллах бол, хуулийн өмнө шударга ажиллах уу, хэн нэгний эрх ашигт нийцүүлэх болов уу, цаанаас тавьсан хүн болов уу гэх мэт асуулт хохирогчдод байгаа юм.

Бид хохирогчийн төлөөлөл болгон Ч.Саранзаяатай утсаар холбогдон тодруулга авлаа.

-ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ШАЛГАЖ БАЙСАН
ПРОКУРОР СОЛИГДЛОО-

-Хэргийн явц одоо ямар шатанд явж байгаа вэ?

-Мөрдөн байцаалтын шатанд байгаа. Хоёр жилийн хугацаанд шалгаж байсан Проукрор солигдож, шинэ Прокурорт очсон. Тиймээс шинэ Прокурор хэрэгтэйгээ бүрэн гүйцэд танилцах хэрэгтэй болдог юм байна. Энэ хэрэг шалгагдаж буй процесс нь олон хүний оролцоотой учир мэдүүлгээс эхлээд хавтаст хэрэг нь их зузаан болсон. Танилцаж дууссаны дараа уг нь Прокурор нь шүүх рүү шилжүүлэх ёстой. 

-Прокурор хэзээ, яагаад солигдсон бэ?

-Нийслэлийн Прокурор хянаж байгаа. Тэндэхийн хоёр хүнээс бусад нь бүгд солигдож байгаа гэсэн. Одоо шинэ прокурор хэргээ хүлээж аваад танилцана гээд хугацаа орох л юм шиг байна.

-Д.Гантулга нь ахиад нэг иргэнийг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт холбогдсон. Та хохирогчтой холбоо барьсан уу?

-Холбогдож үзээгүй. Гэхдээ дам дамаа сураг сонссон. Үнэн эсэхийг нь лавлаж асуухад “Үнэн” гэж хэлсэн. Хан-Уул дүүрэгт уг хэрэг болсон бөгөөд цагдан хорих хүсэлт Прокуророос гаргаж, шүүх хурал нь болсон байдаг. Гэтэл уг хэргийг сэтгүүлчид манай хэрэгтэй андуурах тохиолдлууд гарсан. Энэ бол тусдаа хэрэг, түүний талаар би сайн мэдээлэлгүй байгаа.

-Хоёр жилийн хугацаа өнгөрчихлөө. Гэтэл ийм удаан хугацаанд шийдэгдэхгүй байгаа шалтгааныг та таамаглаж байна уу?

-Харин тийм. Гишүүн биш болчихоор олон нийт ч тоохоо больчихдог юм байна, надад хэвлэлийнхэнд мөнгө төгрөг өгөөд ч юмуу, энд тэнд мэдээлэл хийгээд байх боломж байхгүй болохоор хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдчих байх гэсэн найдлага тавин хүлээж байна. Хавтаст хэрэг ч гайгүй бүрдчихсэн байгаа.

Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа багадаа таван жил юм билээ. Одоо хоёр жил нь өнгөрчихлөө.

БИД ХООРОНДОО ТОХИРСОН ЯМАР НЭГЭН
АСУУДАЛ ОГТ БАЙХГҮЙ

-Хэргийг хаах гэж байгаа эсвэл ял завшах процесс явж байгаа гэж зарим хэвлэлүүд онцолж байна. Танд тийм хардлага бий юу?

-Одоо анхан шатны шүүх болох ёстой. Тэндээс хаалаа гэхэд ахиад дунд, дээд гэсэн хоёр шатны шүүх бий. Тиймээс давж заалдаад л явна. Хэргийг тийм амар хааж чадахгүй, хугацаа л шаардагдана. Ер нь хугацаа хожоод л байгаа. Анхан шатны шүүх дээр хоёр, дунд шатны давж заалдах шүүх дээр ахиад нэг, хоёр жил бариад, ингээд дээд шатны шүүх дээр ахиад нэг жил бариад гэх мэтээр таван жилийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэсэн юм байж магадгүй. Ер нь л ард нь хамгаалаад байдаг хүн байдаг шүү дээ. Түүнийг нь хүмүүс ч мэднэ, мэдэж байгаа хэрнээ л ярьдаггүй.

-Та өөртэй нь ахин холбоо барьсан уу? Хохирогчдод 200 сая төгрөг амалсан гэх яриа гарах боллоо

-Тийм юм яваад байна л гэсэн. Бид хоёр хоорондоо тохирсон ямар нэгэн асуудал огт байхгүй. Хэрэг нь явах ёстой журмаараа явж байгаа, өнөө маргаашдаа биш юмаа гэхэд эрт орой хэзээ нэгэн цагт шийдэгдэнэ. Энэ мэт яриа болгонд тайлбар өгөөд явалтай нь биш дээ, тэгэхээр бүр л хэл ам ороох юм.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Дөнгөж анхан шатны шүүх дээрээ ингэж удаж байна шүү дээ. Цаашид шинэ хүн хэргийг аваад ажиллаж байгаа учраас сайтар анхаараад ажиллачих юм болов уу гэх найдлага байна, эсвэл бүр цаанаас томилгоотой хүн гарч ирээд будлиулчих юм болов уу гээд л мэдэхгүй хүн элдэв юм бодож сууна. Гэхдээ энэ хэргийн эцсийг хүртэл явж, ялна гэдэгт өөртөө итгэлтэй байгаа. Гол нь тэр хүртэл хугацаа яаж орох вэ, хууль хүчний байгууллага яаж ажиллах вэ гэдэг л байна. Одоо бол шахаад байх хэцүү, өөдөөс нь бичиг цаас “шидээд” л, тэр дутуу, энэ дутуу гэх байдалтай л яваад байна.