Цагдан хоригдож буй АТҮТ-ийн ажилтан 600 гаруй сая төгрөг хууль бусаар олсон нь тогтоогджээ

Цагдан хоригдож буй АТҮТ-ийн ажилтан 600 гаруй сая төгрөг хууль бусаар олсон нь тогтоогджээ

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг, мэргэжилтэн О.Адъяасүрэн, Ч.Мөнхзул, М.Дархижав, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Хантайшир, Архивын лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэдэг “Крэйзиспийд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарзаяа нарыг Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид уржигдар /2019.11.19/ орой саатуулжээ. Улмаар тус төвийн нийслэл дэх хэд хэдэн салбарт үзлэг нэгжлэг хийж, эд мөрийн баримтууд хураан авсан байна.

Бидэнд олдсон мэдээллээр АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг тэргүүтэй хүмүүс улсын хилээр түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байхад нь буцаан гаргалгүй, улсын бүртгэлд бүртгэж дугаар олгон гаалийн болон онцгой, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж бүрдүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдоод байгаа аж.

Түүнчлэн дөрөв, гурван ижил тоотой, эсвэл 00... эхэлсэн улсын дугаарыг улсын бүртгэлээс хасагдсан тээврийн хэрэгслийн арлын дугаарт шивж хадгалан 300 мянгаас хоёр сая төгрөг хүртэл төгрөгийн хахууль авч зардаг, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгодог, ашиглалтаас гарсан, татвар торгуулиа төлөөгүй автомашинуудыг авлига авч бүртгэлээс хасдаг, шинээр өөр дугаар олгодог гэх зэрэг үйлдэл ч шалгалтын явцад илэрч буй ажээ.

Цагдаагийнхан АТҮТ-ийн “Цирк” салбар, “Хөсөг трейд” компанийн байр, холбогдогчдын гэрт нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын явцад тэдний нэг нь л гэхэд 600 гаруй сая төгрөг хууль бусаар олсон нь тогтоогдож байгаа сурагтай байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр Г.Шүрэнчимэг, О.Адъяасүрэн нар “Есөн шижир” хэмээх ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй 31 тээврийн хэрэгслийг есөн сая гаруй төгрөгийн торгуулиас нь бултуулахын тулд тус дээрх ББСБ-ын удирдлагаас 2.1 сая төгрөгийн хахууль авч улсын бүртгэлээс хасаж, өөр дугаар олгосон үйлдэл ч тогтоогдож буй аж. Тэдний холбогдсон хэрэгт дахиж хүн нэмж татагдаж болзошгүй гэх мэдээлэл ч байна.




Өнөөдөр хулгана өдөр

52 минутын өмнө