Гэр бүлийн долоон хүн амиа алдсан хэрэг прокурорт буцаах шийдвэр гарчээ

Гэр бүлийн долоон хүн амиа алдсан хэрэг прокурорт буцаах шийдвэр гарчээ

Төв аймгийн Аргалант сум, Эмээлт орчимд зам тээврийн ослоор гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр гарсан. Ослын улмаас “Приус-20” маркийн автомашинд зорчиж явсан гурван хүүхэд, дөрвөн том хүн амиа алдсан билээ. Долоон хүний амь насыг нэг дор авч одон сэтгэл сэрдхийлгэсэн онц ноцтой осол юунаас болж гарсан нь тодорхой байдаг. “Приус-20” маркийн автомашины жолоочийг бор шаргал өнгийн жийп маркийн машинтай жолооч зам дээр шахсанаас болж эсрэг талын замаар явж байсан “Ланд 200” маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар замын хажуу руу шидэгдсэн байдаг. Ослын талаарх гэрчтэй, гэм буруутан нь тодорхой дээрх хэргийг тухайн үед хууль хяналтынхан хэрэгсэхгүй болгож, хаасан байдаг.

Харин хохирогчдын ар гэрийнхэн өдийг хүртэл хэргийн үнэн зөвийг тогтоолгохын тулд хууль хяналт, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандснаар хэрэг дахин сөхөгдөж өнөөдөр тус хэргийн гэм буруутай этгээдийг тогтоох анхан шатны шүүхийн хурал болж байна.

Тодруулбал, Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүх 2019 оны 10 сарын 09-ний өдөр хүлээн аваад   2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 21 –ний өдрийн 09:00 цагт товлосон байдаг. Шүүх хуралдаан өнөөдөр өглөө 09 цагт эхэлсэн бөгөөд шүүх хуралдаан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шийдвэр гарчээ.