ФОТО: “Түүхийн музей”-г нураахыг эсэргүүцсэн иргэдийг цагдаа барьж, барилгыг дээврээс нь нурааж эхэлжээ

2019-11-25 13:23

“Байгалийн түүхийн музей газрын наймааны золиос болсон” гэж мэдэгдэв

Монгол туургатан төв холбооноос “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус байгууллагаас “Байгалийн түүхийн музейг авч үлдэх зорилготой иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс барилгыг хүчитгэн засахад шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гадуур шийдвэрлэх боломжийг бий болгоод байсан. Бидний хоёр сар гаруйн тэмцэл үр дүнд хүрсэнгүй. Бид дийлдлээ.

Улсын төв музей буюу Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаад дуусч байна. Урдаас нь харахад зүгээр байгаа мэт боловч ард талыг нь буулгаад дууссан байна. Нэг л өдөр нүүрэн тал нь буух байх. 2019 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын тогтоол гарч, Чингис хааны музей байгуулах болсныг зарласан бөгөөд наадмын өмнө Байгалийн түүхийн музейг буулгах шийдвэр гарсан. Мөн тус байгууллагаас “Байгалийн түүхийн музей” газрын наймааны золиос болсон" гэсэн юм.

2019-11-23 09:54

ФОТО: “Түүхийн музей”-г нураахыг эсэргүүцсэн иргэдийг цагдаа барьж, барилгыг дээврээс нь нурааж эхэлжээ

Энэ оны аравдугаар сард “Байгалийн түүхийн музей”-г нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг эсэргүүцэж нэр бүхий зарим иргэд шүүхэд хандсан байдаг. Ингэснээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан юм. Гэвч энэ шийдвэрийг БСШУСЯ эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах шүүхийн шийдвэр яамны талд гарсан юм.

Харин энэ долоо хоногоос эхлэн музейн барилгын дээвэр хэсгийг нурааж эхэлжээ. Мөн шугам сүлжээний ажилтнууд тус барилгын дээврээс холбоо, интернетийн утаснуудыг холдуулж байгаа ажээ.

Уг үйл ажиллагааг эсэргүүцэж буй, “Монгол туургатан төв холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр:-Музейг гаднаас нь хараад нураахгүй байна гэж бодсон ч нүдэнд харагдахгүй далд хэсгээр буюу дээврийг хэдийн нураагаад эхэлсэн. Дотортал руугаа унагаан, гадагш зөөж байна. Яагаад утас, шугамуудыг нь холдуулж байгаа талаар холбогдох байгууллагаас тодруулахад барилгыг нураах учраас гэсэн мэдээлэл өгсөн. Уг нь аливаа барилгыг нураахдаа аюулгүй байдлын үүднээс гадуур нь хашаа татах зэрэг арга хэмжээ авах ёстой.Энд огт тийм зүйл алга. Би энэ барилгыг нураах тендерт ялсан “Аяа” ХХК-ийн захиралтай уулзахаар товлосон ч цагтаа ирсэнгүй, боломжгүй гэдгээ илэрхийлсэн” гэж хэвлэлд тодруулга өгчээ.

Харин “Байгалийн түүхийн музей”-г нураахыг эсэргүүцэж, “тус барилга бол түүхийн өв, барилгыг хүчитгэн дахин ашиглах боломжтой” гэсэн байр суурийг илэрхийлж, иргэдээс гарын үсэг цуглуулж байсан иргэн Т.Уянга өөрийн твиттер хуудастаа “Музейгээ хамгаалж байгаа хэдэн хүүхдийг минь яагаад цагдаад бариулчив аа? Ар өврөөс нь явж асууж байгаа хүн байна уу ингэхэд” гэжээ.