25 настай бүсгүй гэрээсээ гараад сураггүй алга болжээ

25 настай бүсгүй гэрээсээ гараад сураггүй алга болжээ

Хөдөө орон нутагт 25 настай бүсгүй гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй байгаа тухай мэдээлэл байна. Тодруулбал, Орхон аймгийн харьяат 25 настай Д.Найдансүрэн 2018 оны наймдугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед хадам дүүдээ хүүгээ үлдээгээд, түр гараад ирье, хүнээс мөнгө авах юм гэсээр гэрээсээ гарч яваад өдийг хүртэл сураггүй алга болжээ.

Тэрбээр гурван настай хүү, нөхрийн хамт амьдардаг байсан аж.

Хоёр дахь хүүхдээ төрүүлээд алдсанаас хойш сэтгэл санааны хүндхэн нөхцөл байдалд байж байгаад хоёр сарын дараа алга болсон тухай ээж нь ярьсан байна. Цагдаагийн байгууллага эрэн хайгаад ч олдохгүй байгаа тухай арга мухардсан ээж нь хэвлэл мэдээлийн хэрэгсэлд хандаад буй юм.

Тэрбээр “Миний охин Даваадоржийн Найдансүрэн 1995 оны нэгдүгээр сарын 22-нд төрсөн. Төлөв даруу зантай охин байгаа. Элдэв янзын муу хүмүүжил, зуршилгүй үг дуу цөөтэй нүдэнд дулаахан хүүхэд бий. Би та нарт яг алга болох үеийнх нь зургийг өгье. Миний охиныг харсан үзсэн энэ талаар ямар нэг юм мэдэж байгаа хүн байвал надад тус болж холбогдоорой” хэмээн хүсэж байна.