ФОТО: Үндсэн хуулийн өөрлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга тамга дарах ёслол болж байна

2019-11-26 12:11

ФОТО: Үндсэн хуулийн өөрлөлтөд Ерөнхийлөгч Х.Баттулга тамга дарах ёслол болж байна

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эхийг баталгаажуулах ёслол Төрийн ордны есөн хөлт танхимд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэхдээ "Монголчуудаа, УИХ-ын эрхэм гишүүд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа, анхдугаар Үндсэн хуулийн 95 жилийн ойн энэ өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталгаажууллаа. 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийн орчин цагийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх асуудлыг олон нийт, улс төрийн хүрээнд сүүлийн 11 жилийн турш идэвхтэй хэлэлцэж, дөрвөн удаа өргөн барьжээ. Миний бие 2018 оны намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар засаглалын тогтолцооны зохист хэлбэрийг сонгох, улс төр, нийгмийн хуримтлагдсан асуудлуудыг нэг мөр шийдэх эрс өөрчлөлт хийхийг парламентын гишүүдэд уриалсан билээ. Өнгөрсөн хаврын чуулганаар УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийхийг эрс шулуудаж, нийгмийн захиалгыг хагас боловч биелүүлээд байгааг бид чамлах хэрэггүй байх аа. Энэ удаагийн УИХ эрс өөрчлөлт хийж чадаагүй ч урагш хагас алхлаа. Уг нь нэг мөр шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан боловч бүлэглэлүүдийн явуулгаар бүтэн урагш алхаж чадсангүй, сонгуулийн тогтолцоогоо оновчтой болгож чадсангүй. Гэхдээ чамлахаар чанга атгах цаг иржээ. Үгүй бол бид найман жил хүлээхэд хүрнэ. Улс орны хөгжил тэр хугацаагаар саарч, нийгмийн зохицуулалт цаг үеийн шаардлагаа хоцорно. Төр улс орныг удирдах зохицуулах чадвараа алдах, эрсдэлийг дагуулах нөхцөл бүрдсэн. Улс орны эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэх, үндэсний эв нэгдлийг бүхнээс дээгүүр эрэмблэх зарчмын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, ёсчлох нь зүйтэй гэж үзлээ. Юуны түрүүнд Монголын эрх ашиг, ард түмний ирээдүй сайн сайхан эрэмблэгдэх учиртай хэн ч мартаж болохгүй. Монголчууд сөргөлдөх бус эвлэлдэх, хойшоо чангаах биш урагш тэмүүлэх цаг ирсэн учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ёсчилж байна. Иргэн бүр унштугай, ухаартугай, дагатугай

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол даяар хуульт ёс тэгш үйлчилж, зон олон  шударга төрийн далбаан дор энх тунх жаргах болтугай" гэлээ. УИХ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, баталсан. Энэхүү батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын дарга биечлэн хүргүүлсэн билээ.

95 жилийн өмнө Монголын өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийж хаант засгаас бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ. 

 

ШУУД ҮЗЭХ: 

2019-11-26 09:39

БНМАУ-ыг тунхагласан энэ өдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга “ёсчлох” уу

Жил бүрийн арван нэгдүгээр сарын 26 ны өдөр бол түүхийн эх сурвалжид дурьдснаар “Монгол улс тусгаар тогтносон өдөр” биш юм. Учир нь 1911 оны арванхоёр дугаар сарын 29 ны өдөр Богд хаант Монгол улсыг байгуулж Манжын олон зуун жилийн дарлалаас гарч тусгаар тогтнолоо манай улс зарлаж байсан юм. Харин 1924 оны арван нэгдүгээр сарын 26 ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/-ыг болж буйгаа тунхаглаж байсан юм.

Товчхондоо өнөөдөр БНМАУ-ыг тунхагласан өдөр тохиож байна. БНМАУ бол 1924-1992 он хүртлэх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжсан. 1989 оны сүүлээс эхлэн Монгол улс нь Ардчилсан нийгмийг зарлан тунхаглаж, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар Бүгд найрамдах нэрээ халж МонголУлс болсон.

-Х.БАТТУЛГА ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ
ӨНӨӨДӨР ЁСЧЛОХ УУ-

Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн авчирч, танилцууллаа.

Учир нь “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэж хуулинд заасан байдаг. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн тухай өгүүлсэн байдаг.

Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийж “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байж болохоор заасан. Уг заалтад хориг тавих асуудлыг судалж байна” гэж мэдээлэл хийсэн. Энэ нь ҮХНӨ-ийн Ерөнхийлөгч Х.Баттулга “ёсчилохгүй”, харин хэсэгчлэн хориг тавих нь гэсэн мэдээлэл байв.

Тэгвэл өнөөдөр буюу “БНМАУ-ыг тунхагласан” энэ өдрөөр Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндсэн хуулийг ёсчилно” гэсэн мэдээлэл байна.

Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16.2-т Ерөнхийлөгч УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын долоо өдрийн дотор хянан үзэж хэрэв уг эх бүхэлдээ буюу түүний аль нэг зүйл, хэсэг, заалт, нэр томъёо ны агуулга нь Үндсэн хуульд харшилсан гэж үзвэл Үндсэн хуулийн Гучингурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар хориг тавьж болно гэж заасан байна. Хуулийн тус заалтаар Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-ны өдөрт багтаж хориг тавих байсан юм. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгад “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийг өргөн бариад өнөөдөр /2019.11.26/ ажлын долоо хоног болж байна.




Өнөөдөр хонь өдөр

24 минутын өмнө