Г.Очбаяр: Байгалийн түүхийн музейн дээврийн мод нь шинээрээ байна лээ

Г.Очбаяр: Байгалийн түүхийн музейн дээврийн мод нь шинээрээ байна лээ

Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж газар дээр нь Чингис хааны музейг барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Харин Засгийн газрын энэхүү шийдвэрийг зарим иргэн, ТББ эсэргүүцэж байгаа юм.   

Эсэргүүцэж буй иргэд суулт зарлахын зэрэгцээ Засгийн газрын шийдвэрийг шүүхэд өгсөн байдаг. Шүүхээс Байгалийн түүхийн музейг нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг түдгэлзүүлсэн юм. Гэвч шүүхийн шийдвэрийг Засгийн газар эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах шүүхийн шийдвэр гүйцэтгэх засгийн талд гарсан юм. Шүүхийн шийдвэрийн дагуу энэ сарын 22-ны өдрөөс эхлэн /2019.11.22/ Байгалийн түүхийн музейн б барилгын дээвэр хэсгээс эхлэн нураагаад байгаа юм.

Байгалийн түүхийн музейг нураах шаардлага байсан эсэх талаар Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяртай ярилцлаа.

Дээвэр болон дам нурууны мод хөгцрөөгүй, илжрээгүй шинээрээ байгааг харж болно.

-БОРОО БОЛОН САЛХИНД ХАМГИЙН ИХ ЦОХИГДДОГ ДЭЭВРИЙН ХЭСГИЙН МАТЕРИАЛ НЬ ХУУЧРААГҮЙ БАЙНА ЛЭЭ-

-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Байгалийн түүхийн музейн барилгыг нураалгүйгээр сэргээн засварлах шаардлагатай гэж үзэж буй хүмүүсийн нэг бол та. Та музейн мэргэжилтэн. Тийм учраас тус музейг нураахгүй байх тодорхой шалтгаануудыг хэлээч?

-Бидний хувьд нураах шаардлагагүй гэж үзэж байна. Харин зарим хүмүүс “Энэ барилгын материал нь муудсан учраас нураах ёстой” гэж ярьж  байгаа. Гэхдээ материал муудсан гэдэг нь үндэслэл муутай мэдээлэл. Музейн барилгыг буулгаж буй үйл явцаас харахад бороо болон салхинд хамгийн их цохигддог дээврийн хэсгийн материал хуучраагүй байна. Хадаас нь ч шинээрээ байсан. Буулгасны дараа дээврийнх нь модыг харахад цоо шинээрээ шахуу байгаа юм.  Байгалийн түүхийн музейн барилга, Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгаас илүү сайн чанартай байгаа юм. Ер нь Дуурь бүжгийн эрдмийн театраас хойно баригдсан барилга юм. Хүмүүс “Материал нь өмхөрсөн. Мэргэжлийн хяналтаас нураах дүгнэлтийг гаргасан. Нураад хүн албал яана” гэх мэт буруу мэдээллийг их цацсан. Ийм мэдээллийг Засгийн газраас санаатайгаар цацсаныхаа дараа нураах ажлыг хийж байна. Иргэд энэ мэдээлэлд нь итгээд байна.

Ашиглалтын шаардлага хангаагүй  учраас нураах шаардлагатай гэх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэг ч удаа гаргаагүй. Ер нь Мэргэжлийн хяналтаас гурван дүгнэлтийг гаргасан. Уг гурван дүгнэлтдээ Байгалийн түүхийн музейн удирдлагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж сүүлийн жилүүдэд засвар, үйлчилгээ хийгээгүй байна. Засвар үйлчилгээг яаралтай хийх шаардлагатай гэх дүгнэлтийг л гаргасан. Түүнээс нураах шаардлагатай гэдэг дүгнэлтийг гаргаагүй. Сүүлийн зургаан жил ашиглалтын засвар хийгээгүй. Мөн санаатайгаар усныхаа гүйдэг хэсгийг дундуур нь тасалсны улмаас барилга руугаа нэвчсэн. Үүний улмаас барилгын гадна будаг ховхорсон байгаа юм.  Түүнээс дотор хэсэг болон дээвэр, бусад хэсэг зүв зүгээр байгаа.

-ТАЛБАЙ ТОЙРСОН БАРИЛГУУД НЕОКЛАСИЗМЫН ҮЕИЙН ЗАГВАРТАЙ БУЮУ УРД ТАЛДАА БАГАНАТАЙ. ИЙМ СЭТГЭЛ ТАТАМ АРХИТЕКТУРТАЙ БАРИЛГУУДЫГ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ БАРЬЖ ЧАДААГҮЙ-

-Байгалийн түүхийн музейн барилгын хэв загвар нь өөрөө соёлын өвд бүртгэсэн томоохон шалтгаан юм. Энэ барилгын үүх түүх, онцлогийн талаар та товчхон ярьж өгөөч?

-Нэгдүгээрт, энэ барилгыг 2015 онд соёлын өвд бүртгэчихсэн. Бүртгэсэн шалтгаан нь архитектурын дурсгал мөн юм. Яагаад архитектурын дурсгал гэж үзээд байна вэ гэхээр Сүхбаатарын талбай тойрсон барилгууд неокласизмын үеийн загвартай буюу урд талдаа баганатай юм. Энэ барилгууд  ансамбль болж буй учраас архитектурын дурсгал гэж үзсэн. Хоёрдугаарт, уг барилгын зураг төслийг зүгээр нэг хүн хийгээгүй юм. Монголын хамгийн анхны архитектур Буджавын Чимэд гэдэг хүний зураг төслөөр барьсан. Дэлхийн улсууд хамгийн анхны архитектурынхаа бүтээлийг авч үлддэг. Хамгийн анхны мэргэжлийн хүний зургаар барьсан. Түүнээс  хэдэн хүн сууж байгаад ингээд барьчихье гээд бариагүй. Уг барилгыг барихдаа тухайн үеийн талбай тойрсон барилгууд буюу ансамбльтайгаа уялдуулсан. Талбай тойрсон барилгууд нь бүгд неокласизмын үеийн загвартай буюу урдаа баганатай мөн зохицол зохиомж нь уялдсан. Социализмын үед дөрвөн давхраас дээш өндөр барилга барихгүй гэсэн зарчимтай байсан. Энэ зарчмын дагуу Төрийн ордон, Байгалийн түүхийн музей болон яг хажууд нь байрлах 72 айлын орон сууц, МУИС-ийг барьсан. Эд бүгд гурван давхар, маш гоё хийцтэй, неокласизмын үеийн загвартай. Энэ нь нэг зохиомж, үргэлжилсэн орон зайг бий болгож байгаа юм. Маш чухал шүү дээ. Хүмүүс хотынхоо талаар огт мэдэхгүй байгаа учраас “Үүнийг буулгахад яадаг юм. Балгас болсон байна шүү дээ. Та нар Чингисийн музейг бариулдаггүй хэн юм” гэж хэлж  байгаа юм. Гэтэл социализмын үед хотын төвд баригдсан энэ барилгууд ансамбль гэдэг утгаараа хамгийн үнэ, цэнэтэй  өв юм. Үүнийг бид дөрвөн зүйлээр баталж байгаа юм.

Нэгдүгээрт, түүх нь байна. Уг барилгууд баригдсанаараа Улаанбаатар хотын хот байгуулалтын түүх эхэлсэн байдаг. Төвд баригдсан барилгууд орчин цагийн Улаанбаатар хотын түүхэн гэрч болж байгаа юм. 

Хоёрдугаарт, хот төлөвлөлт байна. Эдгээр барилгуудыг барьснаар Улаанбаатар хотын төвийн жишгийн түүхэн дүр төрхийг бий болгосон. Үүнд ансамбль, зохицол, өндөр зэргийг хэлээд байгаа юм. 

Гуравдугаарт, архитектурын үнэ цэнэ нь байна. Улаанбаатар хотод 1946-1961 оны хооронд хотын төвд баригдсан ихэнх барилгууд неокласизмын үеийн загвартай. Тухайлбал, Байгалийн түүхийн музей, Төрийн ордон, МУИС, 72 айлын орон сууц, ДБЭТ, Гадаад харилцааны яам, Төв номын сан, УДЭТ, Хөрөнгийн бирж, Хотын захиргаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн ордон бол Улаанбаатар хотын хамгийн сэтгэл татам архитектуртай барилгууд юм. Эдгээрээс илүү сэтгэл татам архитектуртай барилгуудыг өнөөдрийг хүртэл барьж чадаагүй. 

Дөрөвдүгээрт, тус барилгуудын ихэнх нь соёл урлагийн байгууллага болсон. Ингэснээр маш олон хүний дурсамж, хотын ой санамжийг илэрхийлдэг. Социализмын үед монголчуудыг соён гэгээрүүлэх ажил хотын төвөөс эхэлсэн байхгүй юу. Гэхдээ энэ барилгуудыг барьж байж соён гэгээрүүлэх ажил эхэлсэн. Дуурийн театр нь Монголын төв театр байсан. Эсрэг талд нь байрлах Хөрөнгийн биржийн барилгад Монголын хамгийн анхны кино театр байгуулагдаж байсан. Үндэсний номын сангийн барилга нь анхны номын сангийн зурагтай баригдсан. Драмын театр тухайн үед залуучуудын ордон байсан. МУИС бол Монголын хамгийн анхны соён гэгээрүүлэх, боловсролын байгууллага. Байгалийн түүхийн музей 1956 оноос 1990 он хүртэл улсын төв музей байсан.

Энэ мэт хотын төвдөө соёлын төвүүдийг байгуулсан. Соёлын төв нь маш гоё загвар хийцтэй, хүмүүсийн сэтгэлийг татах ёстой гэдэг үүднээс онцлог архитектуртай барьсан. Дэлхийн улс орнуудыг ажиглавал хотын төв нь худалдааны төв болсон байдаг. Гэтэл Улаанбаатар тэднээс түвшин өндөр буюу соёлын төв болгосноороо бусад улсаас ялгаатай. Улаанбаатарт өөр ингэж хадгалж үлдэх газар үгүй.

-ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙГ ХОТЫН ТӨВД ЗОГСООЛГҮЙ
ГАЗАРТ БАРЬЖ ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ-

-Байгалийн түүхийн музейн барилга муудаагүй байхад муудсан гэж нураасан. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага нураах дүгнэлт гаргаагүй байхад нураалаа гэж та ярьж байна. Үүний цаана ямар эрх ашиг байна  вэ. Та бүхэнд ямар нэгэн хардлага байна уу?

-Мэдээж энэ үйл ажиллагааны  цаана улс төрийн эрх ашиг байна. Чингис хааны музейг байгуулах нь хэнд ашигтай вэ гэдгийг бид бодох ёстой. Чингис хааны  музейг байгуулахыг эсэргүүцээгүй, байгуулж болно. Тэр жижигхэн орон зайд долоон давхар байшин барьж Чингис хааны ордонг байгуулснаар ансамбль болон хот төлөвлөлт талаасаа алдаатай бодлого явагдана гэсэн үг. Үнэхээр барих гээд байгаа юм бол хотын төвд зогсоол ч үгүй газарт барих шаардлагагүй. Хотоос хол зайд музейн цогцолбор барих ёстой юм. Хүмүүс хүндэтгэлтэйгээр очиж үздэг, гэр бүлээрээ ногоон байгууламжид нь амарч зугаалдаг, номын сантай гэх мэт өв болсон цогцолбор барих ёстой. Сонгуулийн өмнө 2019 ондоо багтаагаад яаран сандран Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гаргаж байна. Хэнтий аймагт Чингис хаантай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт өрсөлдөхдөө “Бид Чингис хааны музейг Улаанбаатарт байгуулж байна” гэж ярьж очих гээд байна. Улаанбаатарын ой санамжийг устгаж Чингис хааны музейг байгуулж буй нь маш бүдүүлэг халдлага. Хүмүүс одоо Байгалийн түүхийн музейтэй холбоотой дурсамжаа бичиж эхэлж байна шүү дээ. Энэ хүмүүсийн дурсамжийг үгүй хийж байна.

-Тэгэхээр та  Байгалийн түүхийн музейг Улаанбаатар хотын бэлэг, тэмдэг нэрийн хуудас гэх гээд байна уу?  

-Улаанбаатар хотын бэлэг тэмдэг, нэрийн хуудас бол төв хэсэг юм. 20 зуунд Улаанбаатар хотын төв хэсэгт гурван хувьсгал хийгдсэн. 1911 оны хувьсгал одоогийн хотын төвөөс буюу Богд хааны шар ордноос эхэлсэн.1921 оны хувьсгал хотын төвийг бий болгосон. Түүний үр дүнд өнөөгийн Улаанбаатар хотын түүхэн дүр төрх бий болсон. Дараа нь 1990 оны хувьсгал. Мөн л хотын төв талбай дээр өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Энэ түүх, ой санамжийг бид аварч үлдэх ёстой. Гэтэл зарим хүмүүс энэ түүх, дурсгалыг устгахад бэлэн шүү гэдгээ зарлалаа.

Модон шувуу нуруу Илжирч муудсан нэг ширхэг ч мод байхгүйг харж болно.

-БИД СОЁЛЫН ЯАМНААС СОЁЛЫН ӨВӨӨ ХАМГААЛАХ
ШААРДЛАГАТАЙ ЮМ БАЙНА-

-Та бүхэн “Бид дийлдлээ” гээд эсэргүүцлийн ажлаа орхих уу. Эсвэл эсэргүүцэх үйл ажлаа үргэлжлүүлэн явуулах уу?

-“Бид дийлдлээ” гэж хэлсэн нь Байгалийн түүхийн музей дээр л ярьж байгаа юм. Учир нь бидний хяналтаас гарсан, нураагаад эхэллээ. Бид сүүлийн хоёр сард маш үндэслэлтэй материалууд үзүүлж түүхэн соёлын өв гэдгийг нь баталсан. Гэтэл бид шүүх дээр дийлдсэн. Шүүхээс бид нарын үндэслэлээс давсан шийдвэр гаргасан. Бид нарыг цааш явах ямар ч боломжгүй болгосон. Шүүхэд улс төрчид нөлөөлсөн байх магадлалтай гэх хардлага байна. Өөрөөр хэлбэл, шүүх, БСШУС-ын яам бидний эсрэг байсан. Тиймээс бид Соёлын яамнаас соёлын өвөө хамгаалах шаардлагатай гэж үзсэн. Бид эсэргүүцлийн хатуу хэлбэрт шилжээгүй ч маш их найдвар тээж байсан. Гэтэл бид нарыг урд талд нь тэмцээд явж байтал хойноос нь нурааж байсан байна.

Чингис хааны музейн макет

-ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙН АРХИТЕКТУР НЬ ИНЭЭДТЭЙ Л
ЮМ ХАРАГДАНА ЛЭЭ-

-Байгалийн түүхийн музейн барилгын газар дээр баригдах долоон давхар байшингийн хэв загвар ямар байх юм бол. Та бүхэн зургийг нь харсан уу?

-Засгийн газрын нээлттэй хаалганы өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсандаа. Тэнд очиход Чингис хааны музейн барилгын зураг байсан. Байгалийн түүхийн музейг ийм загвартай байна гэж дээр үед гаргаж байсан. Тэр үед гаргасан макетынхаа дээд талд нь монгол гэрийн хэлбэртэй хачин юм байрлуулчихсан байсан. Түүнийгээ Чингис хааны музей гэж нэрлэсэн. Архитектурын хувьд аягүй муухай харагдаж байсан. Инээдтэй зураг төсөл болсон байна лээ.

-Хотын соёлтойгоо уялдаагүй болсон байна. Тийм үү?

-Тийм. Улаанбаатар хотыг аялал жуулчлалын төв болгоно гэж ярьж байгаа. Жилд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн төлөвлөгөөтэй. Хотын аяллаа хотынхоо өв дээр л суурилуулж байж хотын аялал хөгжинө. Хүн төрөлхтний өөрсдийнх нь бүтээсэн өв дээр л суурилах ёстой юм. Байгалийн түүхийн музейг устгаж байна гэдэг нь хотын өв соёлыг хамгаалах болон, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн эсрэг хийж буй ажил юм. Хотын түүхээ мэддэггүй, Байгалийн түүхийн музейд орж үзээгүй хүмүүс биднийг эсэргүүцэж байна. Улаанбаатар хотын аяллыг хийхэд хагас өдрийн маршрутаар л зохион байгуулдаг. Бүтэн нэг өдрийн аялал хийж байсан нэг ч компани байгаагүй. Зайсан толгой, Гандан орж, музей үзнэ. Ингээд л хотын аялал дуусч байна. Нийслэлийн аялал жуулчлалын газраас хотын аялал хийх маршрут гаргаж өгөөгүй. Энэ нь судалгаагүй байгаагийн илрэл. Тэгэхээр бид неокласизмын үеийн барилгуудаа тайлбарлаж чадахгүй байна. Энэ нь их харамсалтай юм.

-Ярилцсанд баярлалаа.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө