УИХ-ын сонгуулийг 26 том, 50 жижиг тойрогт явуулах зөв МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ

2019-11-29 20:20

УИХ-ын сонгуулийг 26 том, 50 жижиг тойрогт явуулах зөв МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ

Энэ долоо хоногийн Даваа гарагт манай сайт 2020 оны УИХ-ын сонгуулийг 26 том, 50 жижиг тойрог болгон явуулах талаар МАН-ынхан ярилцаж, тохиролцсон тухай мэдээлсэн.

Харин ирэх долоо хоногт 2020 оны УИХ-ын сонгуулийн тухай хуулийг байнгын хороо болоод УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлнэ. Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ирэх оны УИХ-ын сонгуулийг 26 том тойрог, 50 жижиг тойрогт явуулах нь зөв гэж олонх нь дэмжсэн байна.

Учир нь улс төрийн нам тус бүрээс 26 нэр дэвшигч Монгол улсыг нэг тойрог болгон нэр дэвших бол 50 нэр дэвшигч аймаг тус бүрийн жижиг тойрогт нэр дэвших юм. Мөн 26 нэр дэвшигчдийг таван бүсэд хувааж, бүс тус бүрд улс төрийн намаас 5-6 нэр дэвшигч өрсөлдөж болзошгүй байгаа юм,

2019-11-25 08:10

УИХ-ын сонгууль 26 ТОМ, 50 жижиг тойрогт хуваагдаж явагдах уу

Саяхан баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/-өөр УИХ-ын сонгуулийн тогтолцоог ямар ч тохиолдолд “мажоритар” байхаар тогтсон. Тодруулбал, ирэх оны 5 дугаар сараас мөрдөгдөх ҮХНӨ-ийн 21.4 зүйлд “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” өөрчлөн найруулжээ. Учир нь сонгуулийн тухай хуулиа шинэчиллээ ч мажоритар систем буюу зөвхөн нэр дэвшигчийг дугуйлах “жижиг, том 76 тойрог”-ийн аль нэгийг сонгох хувилбар л үлдсэн. Иймд эрх баригчид 2020 оны сонгуулийг 2016  оных шиг жижгэрүүлсэн мажоритар системээр явуулахаар тохирсон гэх мэдээлэл ч байна.

-ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН УИХ-ЫН ТОЙРГИЙГ
“ХОЁР МАНДАТ”-ТАЙ БОЛГОХ УУ-

Улаанбаатар хотын зарим дүүргийн УИХ-ын мандатыг хасах, мөн УИХ-ын сонгуулийн гурван мандаттай аймгуудын мандатыг хоёр болгон цөөлөх, нөгөөтэйгээр УИХ-ын нэг мандаттай аймгуудын мандатыг нэмж хоёр болгох гэсэн хувилбар яригдаж байгааа жээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн зургаан мандатаас хасаж, Говь-Алтайн нэг мандатыг хоёр болгож нэмэхээр төлөвлөсөн байна.  Мөн Баянзүрх, Чингэлтэй зэрэг дүүргийн УИХ-ын мандатыг нэгээр хасаж Дундговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймгуудыг УИХ-ын хоёр мандаттай болгох саналыг ярилцаж байгаа аж. Ингэхдээ аймаг, дүүргүүд сум, хороонд хуваагдаж тус бүр хоёр жижиг УИХ-ын тойрог болох ажээ.

-МОНГОЛ УЛС НЭГ ТОЙРОГ БОЛЖ НЭГ НАМААС ТУС БҮР
26 НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨХ ҮҮ-

Дээрх байдлаар нэг улстөрийн намаас нийт 50 нэр дэвшигч УИХ-ын сонгуулийн жижиг тойрогт өрсөлдөх бол улс төрийн нам тус бүрээс нийт 26 нэр дэвшигч Монгол улсыг нэг тойрог болгон өрсөлдөх, эсвэл Монгол улсын нийт таван бүсчлэлд хуваагдаж нэг бүсэд 5 нэр дэвшигчийн сонгох байдлаар 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулахаар эрх баригчид ярилцаж байгаа ажээ.

Хэрэв 26 нэр дэвшигч Монгол улсыг нэг тойрог болгон нэр дэвшсэн тохиолдолд сонгогч 1-26 хүнийг сонгоно. Харин тухай нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан 26 хүн дараагийн УИХ-д сонгогдох юм. Энэ тохиолдолд сонгогч заавал 26 хүний нэрийг дугуйлахгүй, тэднээс 1 нэр дэвшигчийн нэрийг ч дугуйлж болох ажээ. Харин 26 нэр дэвшигчээс илүү хүний нэрийг дугуйлсан тохиолдолд тухай саналыг хуудас хүчингүй болох ёстой аж.




Ж.Эрдэнэбат: Миний эрх зөрчигдөж байна

18 цагийн өмнө

Шуурхай мэдээ