Б.Идэр-Од: Англи хэл суралцахад өдөрт жаахан хий, гэхдээ зогсохгүй хий

Б.Идэр-Од: Англи хэл суралцахад өдөрт жаахан хий, гэхдээ зогсохгүй хий

“Call Pro” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, “Faro education” англи хэлний сургалтын төвийн захирал, “Ub comedy” клубын гишүүн Комедиан Б.Идэр-Одтой ярилцлаа. Түүнтэй бид сүүлийн үед хийж буй ажил, комеди урлаг, түүнд хэрхэн цаг заваа зарцуулдаг, англи хэл сурахад үйл үг яагаад чухал болох, уг сургалтын төвийн онцлог, түүний “Call Pro” компанидаа авсан томоохон хөрөнгө оруулалт зэрэг сэдвүүдээр ярилцлаа.

Түүний ярилцлагыг та Soundcloud линкээр сонсох боломжтой

КОМЕДИ БОЛ +18 УРЛАГ

-Одоо та ямар, ямар ажлууд хийж байгаа вэ?

-Одоо цагийнхаа 70 орчим хувийг Faro сургалтын төв дээрээ, 30 гаруй хувийг Call Pro харилцаа холбооны компанид зарцуулж байна. Ажлын бус цагаа “Ub Comedy” клубдээ зориулж байгаа. Өөр айхтар идэвхтэй хичээллэж байгаа зүйлгүй байна.

-Цагийн менежмэнтээ хэрхэн зохицуулж байна. Өглөө хэдэн цагт ажил тань эхлэх вэ? Зуны цагийн хуваарь шилжсэн байгаа байх.

-Зуны цагийн хуваарь шилжээд өглөө 09:00 цагийн үед хамгийн оройдоо сэрж байна /инээв. сурв/ Өглөө нэлээд унтаж байгаа гэсэн үг. Оройдоо орно. Ер нь нормалдаа 08:00 цаг гээд босдог. Гэхдээ унтах хэрэгтэй бол унтчихъя гэж боддог.

-Зургадугаар сарын 5-нд “Ideree`s fresh night” өдрөө зохиох гэж байна. Юугаараа онцлог байх бол?

-Тийм ч том шоу биш юм шүү. Манай “Ub comedy” клуб дээр болж байгаа. Манай клубын багтаамж 200 гаруй хүний суудалтайгаас 100 гаруй нь борлогдсон байна лээ. Гэхдээ яаралтай ажлаас болоод нэг долоо хоног хойшилсон. Зургадугаар сарын 12-нд болохоор дахин тов товлогдсон. Олон хүнд төвөг чирэгдэл болохгүй байх гэж найдаж сууна. “Fresh night” гэх консепт нь маш олон хүнээс “Сонсоогүй, шинэ joke” сонсмоор байна гэх хүсэлт ирсний дагуу хийж буй. Ер нь комеди клубт хоёр сардаа нэг удаа ирэхэд ихэвчлэн шинэ joke сонсдог. Бага багаар шинэчлэгддэг учраас тэр. Харин байнга ирдэг хүмүүстээ зориулан 100 хувь шинэ санаануудаа ярьдаг “Fresh night” гэх бренд гаргаж ирж байгаа. Тухайлбал, “Ideree`s fresh night”, “Bataa`s fresh night” гэхчлэн бид бүгдийн нийлсэн fresh night ч байж болох юм. Би хувьдаа сардаа нэг удаа fresh night хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүний хамгийн гол зорилго нь өөрийгөө жаахан шахах. Шинэ зүйл хийхийн тулд багахан “дарамттай” байж сэдэл төрөх нь бий.

-Faro, Call Pro гэх мэт томоохон компаниудад хариуцлагатай албан тушаал хашиж байна. Гэтэл ажлын бус цагаа комедид зориулж байна. Хувь хүнийхээ хувьд комеди урлагаас та юу олж, юу суралцдаг болоод үүнд ингэж их татагдаж байна?

-Хувь хүний маань “натур”, зан чанартай минь холбоотой юм болов уу. Байнга стрессдээд байхгүй, аливааг хөгжилтэй өнцгөөс харна. Заримдаа хүнд хэлмээр байгаа зүйлсээ шууд загнаж, заасан биш эвтэйхэн, алиалсан байдлаар хэлж болно. Комеди урлагийн нэг давуу тал нь нийгэмд өгч буй чухал мессежийг хөнгөн аргаар өгч болдог, тэр нь олон хүнд түгдэг. Надад ч ажил удаад, хэцүү санагдах зүйлгүй.

-Консепт боловсруулдаг уу? Хэрхэн боловсруулдаг вэ?

-Комедиг судлаад, “бор зүрхээрээ” хийгээд таван жил боллоо. Энэ хооронд өөрийн гэсэн арга барилтай болсон. Тиймээс шинэ комеди материал, агуулга сэдэж олоод боловсруулахад айхтар зовохоо болиод байгаа.

-Сэдвүүдээ хэрхэн олдог вэ?

-80 хувь нь амьдралын ажиглалтаас, 20 хувь нь давсалсан байдлаар олддог. Хүний сэдэв хуулж ярина гэх ойлголт байдаггүй. Учир нь надад яг мэдрэмж өгөөгүй зүйлийг инээдтэй болгож ярина гэдэг хэцүү, бараг боломжгүй. Тиймээс ярьж буй зүйлс минь ихэвчлэн үнэний ортой.

-Зайлсхийдэг сэдэв бий юу?

-Комеди бол +18 урлаг. Бид шоу, бичлэг гэх мэт бүх агуулгууд дээрээ +18 шүү гэдгээ ч сануулдаг. Гэхдээ би бүх насныханд хүрэхэд тохиромжтой зүйл ярихыг хичээдэг. Улс төржүүлэхгүй байхыг хичээдэг ч улс төр, нийгэмд шүүмжилмээр санагдах зүйл байвал тоохгүй ярина. Гэхдээ хүний нэр цохож ярихыг болохгүй зүйл гэж боддог.

ХҮҮХЭД ЗАЛУУСТ АЛДАХ БОЛОМЖИЙГ НЬ ОЛГООСОЙ

-Шүүмжлэлтэй хандах гэснээс комеди урлагийн гол зорилго юу вэ? Шүүмжлэх үү?

-“Have fun” байх. Зүгээр л цагийг гоё “fun” өнгөрүүлэх. Хүнд аливааг ухааруулах, соён гэгээрүүлэх гээд л байх айхтар зорилго байхгүй. Угаас боловсролын салбараас эхлээд маш олон салбар энергиэ ийм зүйлд зарцуулж байгаа. Заавал согтож ууж идэхгүй, дуулж бүжиглэхгүй ч инээлдэх хэрэгцээ хүнд бий. Тэр л хэрэгцээнд хамгийн гол зорилго оршдог гэж би боддог.

-“Ideree`s special” шоуны 1500 хүний тасалбар маш хурдан дуусч байсан. Та хувийн амжилтаа эвдсэн тухайгаа ч дурсаж байсан. Бүтэн цагийг цор ганцаараа тэр олон хүний өмнө өнгөрүүлэхдээ юунд суралцав?  

-Миний хувьд таван жил комеди урлагаар хичээллэсэн тул “нэг босго давлаа” гэдэг утгаар өөртөө сорил тавьсан. Энэ сорилтоороо “Том хийж болдог юм байна” гэдгийг өөртөө болон бусад комедиануудад харуулах, хоёрдугаарт стэнд ап комеди урлагийг хүмүүс хэрхэн дэмждэг болсныг нүдэнд харагдахуйц байдлаар олон нийтэд дэлгэн харуулах зорилготой байлаа. Яг үнэндээ 1500 хүнтэй, Цирк дотор гав ганцаараа ярина гэж бодохоор миний зориг хүрээгүй. Гэтэл “Шарк Танк” нэвтрүүлгийн зураг авалтын үеэр Монгол ТВ-ийн Батка захирал намайг ятгасан. “Чи чадахгүй гэж бодож байсан ч  зориглоод том шоу хий, хамтарч ажиллая, дэмжье” гэсэн. Ингээд тайзны бүх зураг, тухайн оройн зохион байгуулалт, бичлэг зэргийг Монгол ТВ болон UB comedy клубынхэн хариуцан хийсэн. Дэмжээд, хамтраад ажилалсан багийнхан маань байсан болохоор би зөвхөн ярих зүйлсдээ л төвлөрч чадаж байсан. Бэлтгэх цаг сайн байсан учраас “Нусаа хацартаа наана” гэдэг шиг зүйл болоогүй /инээв. сурв/

-Комедиан хүнд ямар авьяас, чадвар байх ёстой байвал давуу тал болдог вэ?

-Комеди агуулга хэрхэн үүсч байгааг анзаарахад нэгдүгээрт ажиглалт байдаг. Хоёрдугаарт, энэ ажиглалт дээр өөрийн гэсэн үзэл бодол, өнцгийг шингээж байна. Ингэснээр энэ нь яг чиний үг болж байгаа юм. Гуравдугаарт, зөв дараалалтай, зөв жортой хүргэх. Нэмэх нь, нүүрний хувирал, тембер гэх мэт авьяасын зүйлс орж ирэх байх. Хоолоор бол холимог хуурга. Гэхдээ хамгийн эхэнд ажиглалт гэсэн үг. Тухайлбал, агаарт гарсан чинь толгой өвдөөд машиныхаа утааг үнэрлэж байж гайгүй боллоо гэсэн хүний яриа утааны талаар арай өөр өнцөг мөн. Ингэж л аливааг өөр талаас нь ажиглах нь чухал гэж боддог. Нөгөөтэйгүүр, өөрийн гэсэн өнгө аясыг оруулахын тулд тухайн сэдэвтэй холбогдох зүйлсийг маш их унших чухал.

-Таны багын найз таныг багадаа урлагийн авьяасгүй гэж хошигносон байсан. Гэтэл комеди урлагт багагүй авьяас хэрэгтэй шиг. Та авьяасаа хэрхэн хөгжүүлэв?

-Тийм шүү, би дуулж чаддаггүй, бүжиглэж чаддаггүй, урлагийн үзлэгт огт ордоггүй хүүхэд байсан. Гэхдээ ангидаа манлай маазардаг хүүхэд байсан. Ангийнхаа Маагий /Энхманлай/-тай нийлээд ангийнхаа хүүхдүүдийг тойруулчихаад л суудаг байлаа. Ер нь анги бүрт, орц бүрт маазардаг хүүхэд байдаг л байсан. Бид одоо л цөөхүүлээ нийлээд Комеди гэж ярьж эхэлж байгаа ч одоогийн комеди гэж байдгийг мэдээд өсч буй хүүхдүүд 10, 15 жилийн дараа “галзуу” комедианууд гарна гэж найддаг.

-Ирээдүйд комедиан болох гэж буй, болох сонирхолтой байгаа залуус зөв чигт явахад юунд анхаарах ёстой гэж та зөвлөх вэ?

-Буруу хиймээр байгаа бол хийгээд үз, тэгээд бурууг нь ойлго. Тэр хамгийн гол зүйл. Хиймээр байгаа зүйлээ хийж үзнэ гэдэг чухал. Комеди урлаг ч ялгаагүй. Угаасаа бүх зүйл зах зээлийн хуулиар шийдэгдэнэ. Хэрэв чи буруу юм яривал хүмүүс чамайг ирж үзэхгүй. Ийм л энгийн. Тиймээс комедиг туршиж үзэж буй залууст хэлэхэд битгий ай, битгий юманд баригд, янз бүрээр ярьж үз, үзэл бодлоо ч янз бүрээр илэрхийлж үз. Нас дагаж бяр сууна гэдэг шиг цаг нь болохоор зөв зүйлээ яриад л эхэлнэ.

Харин дөнгөж эхэлж байгаа залуус, хүүхдүүдийг хорьж, цагдаад л, хөгжлийг нь их боомилдог юм болов уу гэж анзаарагддаг. Азид “Tiger parent” гэж нэрлэдэг, аав ээж нь хүүхдээ алдаа гаргах ямар ч эрхгүй амьдруулдаг хэв маяг бий. Нийгмээрээ битгий ийм аав ээж байлдаа. Яахав, нэг хоёрдугаар курсын хүү тайзан дээр нэг удаа буруу юм яриг л дээ. Болохгүй нь юу байхав. Аав ээж нарын өөрсдийнх нь залуугийн түүхийг сонсоход хэцүүхэн хэцүүхэн зүйлс сонсогддог л биздээ. Өөрсдөө алдаж үзээгүй юм шигээр хүүхэд залууст битгий хандаач, тэдэнд алдах боломжийг нь олгооч.

НЭР ҮГИЙГ ХҮНД ЗААГААД ОЙЛГУУЛЧИХАЖ БОЛДОГ УЧИР ҮЙЛ ҮГ ЦЭЭЖЛҮҮЛЭХЭЭС МАНАЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛДЭГ

-Танай “Faro”сургалтын төв сурахыг хүсэгчдийн их дараалалтай байдаг гэж сонссон. Ямар хөтөлбөрүүдтэй байдаг вэ?

-“Faro” сургалтын төв байгуулагдаад яг таван жилийн ойдоо ирлээ. Манай сургалтын төв өнөөдрийн байдлаар 25 багштай. Гэхдээ энэ ондоо багтаж бид сургалтын байраа хоёр дахин томруулж, багш нарынхаа тоог ч хоёр дахин нэмье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манайд 20 гаруй төрлийн хөтөлбөр байдаг. Монголын Оюун ухааны академитай хамтран “600 үйл үгийг таван өдөрт цээжлэх анги” гэж бий. Гэвч зөвхөн ингээд л англи хэл сурчихна гэж ойлговол өрөөсгөл. Англи хэл сурах үйл явц багадаа хоёр жилийн тасралтгүй тулаан. Гэхдээ хүн үг цээжлэх арга техниктэй болох нь номер нэг алхам гэж бид үздэг. Ингээд цааш дүрэм, яриа гэх мэтээр бид чадваруудыг нь хөгжүүлдэг. Манай үг цээжлэх анги, IELTS-д бэлтгэх анги их эрэлттэй байдаг ч айхтар хүлээлгээд байх зүйлгүй байдаг.

-Faro сургалтын төв дээр та одоо хичээл зааж байгаа юу?

-Би сүүлийн гурван жил үг цээжлэх хөтөлбөрт анги ахалсан багшаар ажиллаж байсан. Гэхдээ энэ гуравдугаар сараас эхлээд багшлахаа больж, гол үйл ажиллагаандаа анхаарч, багш нараа хөгжүүлэх тал дээр илүү төвлөрч ажиллаж байна. Манай үг цээжлэх хөтөлбөрт зургаан өөр багш ажиллан, үргэлжлүүлж байгаа.

-Хүн болгон танаас асуудаг байх, гэхдээ уншигчдаа хүндлэн дахин нэг асуухад “Англи хэл суралцахын хамгийн чухал нь юу вэ”, яагаад цээжилж буй 600 үг нь нэр үг биш үйл үг байна гэж?

-Манай сургалтын төвийн хөтөлбөрүүд үйл үг заахаас эхэлдэг. Учир нь хүн гадаадад очихдоо англи хэлийг төгс сураад очих нь ховор. Тиймээс очоод хүссэн хүсээгүй “Тататунга” хийдэг. Тататунга хийхдээ хүн нэр үгийг хуруугаараа заагаад ойлгуулж болно. Ширээ рүү хуруугаараа заагаад ойлгуулж болно гэсэн үг. Харин харамсаж буйгаа, аав ээжийгээ санаж буйгаа илэрхийлэх үг таалгахад маш хэцүү. Тиймээс та тийм их үгс мэдэхгүй ч үйл үгнүүдээ мэдэж байхад хүмүүстэй “нэвтрэлцэж” болдог. Мөн ямар ч хэлэн дээр ялгаагүй харилцан яриа хэзээ зогсдог вэ гэхээр “Нөгөө хүн үйл үгийг ойлгохгүй байгаа” тохиолдолд. Хэрэв таны үйл үгийг ойлгосон л бол бусад үгийг тань ойлгохгүй байсан ч цаашаа үргэлжлүүлэн харилцах боломжтой байдаг. Мөн үйл үг абстракт, биегүй зүйл учраас багшаар тайлбарлуулах нь зөв. Дараагийн том шалтгаан нь үйл үг ихэвчлэн дайвар утгатай. Тухайлбал, цохих гэдэг үгээр гараараа цохьсон, утас цохих гэх хоёр утгыг илэрхийлж болж байна. Энэ мэтийг анхнаас нь багшаар тайлбарлуулж ойлговол цаг алдах, толгой эргэх нь бага байдаг. Нэр үг ихэвчлэн ганц л утгатай.

-Үйлээ үгээ цээжлээд гарсан сурагчид үр дүнгээ хэрхэн хуваалцаж байна?

-Манай энэ хөтөлбөрийг төгссөн 3000 гаруй сурагч бий. Тав хоногт 600 гаруй үг цээжлэх нь хүнд ачаалал. Бид 80 хувь үгээ цээжлээд гарсан хүнийг сайн байна гэж үзэн, сертификат олгодог. Үр дүнгүй байна гэсэн хүн одоогоор гараагүй ч чадахгүй байна, би арай удаж байна гэсэн хүмүүст бид нэмэлтээр давтлага өгдөг. Манай сургалтад нэг удаа суучихсан хүн дараа нь ахиж ирээд үнэгүй сууж болдгоороо онцлогтой. Хүн бүрийн стресс, биеийн байдал, энергийн хэмжээ адилгүй байдаг учир жаахан уналттай байгаа хүмүүсээ бид дахин хүрч ирээд сураарай гэх зөвөлгөө өгдөг.

-Англи хэл сурах гэж буй залуус өөрийн сэтгэлгээнд ямар нэгэн хязгаарлалт хийж, сурах явцад хүндрэл учруулах нь бий юу? Тэд юун дээр алддаг вэ?

-Сурахаар зорьж ирсэн залууст айхтар хязгаарлалт байдаггүй. Гол нь хүмүүс “номалдана” гэдэг шиг тогтмол, нэгэн хэмээр ажиллахын хүч ямар агуу байдгийг тэр бүр ойлгодоггүй. Чи өдөрт жаахан хий, гэхдээ зогсохгүй хий. Эргээд харахад чи маш ихийг хийсэн байх болно. Ихэнх хүмүүс өөртөө маш их ачаалал өгөөд, маргааш нь нурмайдаг. Үүний оронд бид өөрийн хэмнэлээ олох чухал. Хэмнэлээ олоход сахилга бат, алсын хараа шаардана.

КОМПАНИЙНХАА ЗАСАГЛАЛЫГ ЭРҮҮЛ БАЙЛГАХ ҮҮДНЭЭС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ АВСАН

-“Call Pro” компани Энэтхэгийн тэрбумтнаас томоохон хөрөнгө оруулалт авсан. Хөрөнгө оруулалтаа хэрхэн зарцуулсан бэ?

-Компаниудад хөрөнгө оруулалт авах шалтгаан олон бий. Манай компанийн хувьд бэлэн мөнгөний хангамжийг нэмэгдүүлье гэхээсээ илүүтэй компанийнхаа үнэлгээг баталгаажуулах номер нэг зорилготой байсан. Хоёрдугаарт, компанийнхаа засаглалыг эрүүл байлгах, “Найзын дундаа” бус “Corporate” ном журмаар нь компаниа засаглая гэдэг үүднээс хөрөнгө оруулалт авсан. Гуравдугаарт, бэлэн мөнгөний нийлүүлт байсан. Бид эхний хоёр зорилгоо биелүүлээд явж байгаа гэж бодож байгаа. Засаглалын хувьд, илүү сахилга баттай, гадны хөрөнгө оруулагчид бүх зүйл нь цэвэр тунгалаг, эмх цэгцтэй удирдлага төлөвшиж байгаа. Харин хангамжаа нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа огцом өргөсгөх алхам руугаа хараахан ороогүй, бэлдээд явж байгаа.

-Танай компани үйлчилгээндээ ямар ямар хөгжүүлэлт нэмж байгаа вэ?

-Утас, харилцааг автоматжуулж байгаа шүү дээ. Үүн дээр бид үндсэн хоёр бүтээгдэхүүн нэмж гаргаж байна. Нэгдүгээрт мессеж үйлчилгээ. Хэдийгээр гар утасны мессежийн үйлчилгээ хуучин технологи мэт болчихсон ч заримдаа хуучин зүйлийг эвийг нь олоод, шинэ технологитой хослуулж чадвал сайн үйлчилгээ гардаг. Тиймээс ч бид “Message Pro” үйлчилгээгээ гаргасан. Энэ нь гар утасны мессежийн үйлчилгээнд суурилсан, компаниуд өөрсдөө удирдахад хялбар, мессеж маркетингийн хэрэгсэл юм.Үүн дээр нэмэх нь, видео коол. Гэхдээ зөвхөн байгууллагад зориулсан. Байгууллагад ямар л видео коолын хэрэгцээ байгаад үндэслэн суурь шийдлүүдээ  гаргасан.

-Та сошиал орчинд идэвхтэй нэгэн. Ямар ямар сошиал медиаг түлхүү ашиглаж байна вэ? яагаад?

-Би Facebook, Twitter, Instagram гурвыг жигдхэн ашигладаг. Аль болох жигд зэрэгцүүлж ашиглахыг боддог. Сошиал медиа манай компанид маш их хэрэг болж байгаа. Жижиг дунд бизнесүүд гэлтгүй ер нь бизнесүүдд сошиал медиа ашиглах нь маш хэрэгтэй. Өмнө нь нэг зар тавих гэж л фм-ийн ахыг гуйдаг байсан шүү дээ. Телевизээр зар явуулна гэдэг жижиг бизнесүүдэд боломжгүй зүйл байсан. Харин одоо сошиал медиа тэдэнд маш том боломж олгож байгаа. Мөн өрхийн аж ахуй эрхэлдэг, сүүлийн үед “Influencer” гэж яриад буй ганцаараа өөрийн брендийг хөгжүүлдэг хувь хүмүүст маш хэрэгтэй. Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр сошиал медиад хар бараан, худал мэдээллүүд их гарч байгаа. Гэхдээ хүн харсан мэдээлэлдээ шууд итгэдэггүй, олон эх үүсвэртэй харьцуулдаг, эсвэл өөрийн итгэл хүлээсэн ганц хоёр эх үүсвэрээс тогтмол мэдээлэл авдаг болох нь цаг хугацааны асуудал байх. Зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүд ч гэсэн хуурамч мэдээлэлтэй хэрхэн харьцах вэ, сошиал медиаг хэрхэн ашиглах вэ гэдгийг барууны орнуудад зааж байна. Аяндаа нийгэм гэрэлтэх байх, үргэлж л хар бараан мэдээ хөвөрсөн сошиал медиа байхгүй байх гэж итгэж байгаа.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Таны энэ жилийн зорилгыг сонсоод ярилцлагаа өндөрлөе.

-Энэ жилдээ англи хэлний боловсролын салбар дахь ажлаа маш эрчимтэй хийнэ. Манай “Faro” сургалтын төв 4-5 ном гаргах зорилготой байгаа. Ингэснээр сургалтанд ирж суралцаж чадахгүй нэгэн манай номыг аваад суралцах боломжтой болно.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ