Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдвал дамжуулагч нь орлогынхоо 15 хувийг телевизэд өгнө

Өргөн нэвтрүүлгийн хууль батлагдвал дамжуулагч нь орлогынхоо 15 хувийг телевизэд өгнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Учир нь УИХ-аас 2005 онд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг баталсан ч, уг хууль нь зөвхөн Үндэсний олон нийтийн радио, телевизийг байгуулах, ажиллах зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын зарчмыг тодорхойлоход чиглэсэн.

Харин өнөөгийн байдлаар, улсын хэмжээнд ажиллах эрхтэй 84 телевиз, радио нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Иймд эдгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааг зохицуулах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаа тул Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулсан юм.

Тус хууль батлагдснаар телевизийн зар сурталчилгаа, тэр дундаа нийгэмд тустай зар сурталчилгаа явуулах эрх зүйн зохицуулалт боловсронгуй болж, сэтгүүлч болон редакцийн зөвлөлийг улс төрөөс хараат бус, бие даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ахиц гарна гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

Хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 59, найруулгын 3 санал тус бүрээр санал хурааснаар, чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан юм.