Монголоор ХИЙН ХООЛОЙГ дайруулах талаар судлах үүргийг В.В.Путин ХОЁР дахь удаагаа өгөв

Монголоор ХИЙН ХООЛОЙГ дайруулах талаар судлах үүргийг В.В.Путин ХОЁР дахь удаагаа өгөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал үргэлжилж байна. Тэрбээр өчигдөр буюу энэ сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ.

-ОРОСУУД СУДАЛНА ГЭХ ХАРИУЛТЫГ Л ӨГЛӨӨ-

Энэ үеэр олон жил яригдсан ч ажил хэрэг бололгүй өдрийг хүрсэн ОХУ-аас БНХАУ-ыг холбох газийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэх асуудлаар хоёр тал санал солилцсон гэж  ИТАР-ТАСС агентлаг мэдээлжээ. 

Санал солилцсоны эцэст ХИЙН ХООЛОЙГ Монголоор дамжуулах боломжтой эсэхийг судлах үүргийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин холбогдох албаныхандаа өгчээ. Тэрбээр хийн хоолойг Монголоор дайруулах боломжтой эсэхийг судлах хоёр дахь үүргээ өгч буй нь энэ юм. 

Энэ удаа ч мөн СУДЛАХ тухай асуудлыг хөндлөө. 

Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй" гэж хэлээд Монгол Улсын нутгаар дайруулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг гурван улсын оролцоотойгоор тавих боломжийг судлах үүрэг өгчээ.

Хэрвээ уг төсөл хэрэгжвэл Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ. Энэ бол бидний том амбиц. Гэхдээ уг төсөл ажил хэрэг болох эсэх нь ОХУ-аас 100 хувь хамаарна.  Өчигдрийн уулзалтын үеэр "Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер, Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин нар Оросын хийг Монголын нутгаар дамжуулан Хятадад нийлүүлэх боломжийн талаар хамтарсан үнэлгээ хийх тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.