Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга,  Засаг дарга нарыг хахууль авсан хэрэгт шалгаж байна

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг хахууль авсан хэрэгт шалгаж байна

АТГ-ынхан Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нарыг шалгаж эхэлснийг хэд хэдэн эх сурвалж мэдээллээ. Прокурорын байгууллагын эх сурвалжууд “Шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ өдгөө зөвхөн хэрэг бүртгэлтийн хэрэг л нээгээд байгаа. Яллагдагчаар татах, эсэх нь удахгүй тодорхой болно” хэмээсэн юм.

Бидэнд олдсон мэдээллээр Баянхонгорын ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлын дагуу хэрэг нээгээд буй аж. Тухайлбал, дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт шалгуулж буй юм байна. Тэд компанийн удирдлагаас мөнгө зээлж авсан хэмээн мэдүүлдэг ч шалгалтын явцад энэ нь нотлогдохгүй байгаа аж.

Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үнэнбуян нартай хамтран 2018 онд газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар “Түйн гол” ХХК-д олгосон, 20 га газрыг “Хаш гоёо” гэх компанид хууль зөрчин найман сая төгрөгөөр өгсөн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн заагт, Идрэнгийн нуруунд ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгсөн зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдсон аж.