Өнөөдөр бар өдөр

Аргын тооллын 12 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 11, Дэлгэрүүлэгч одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Их цасан буух улирал 19 цаг 24 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.