МАН БҮЛЭГ: УИХ-ын сонгуулийг 26 том, 50 жижиг тойрогт явуулах саналыг дахин нягтална

МАН БҮЛЭГ: УИХ-ын сонгуулийг 26 том, 50 жижиг тойрогт явуулах саналыг дахин нягтална

УИХ-ын сонгуулийг 26 том, 50 жижиг тойрогт явуулах саналыг УИХ-д өргөн барьж хэлэлцэх эсэхийг нь өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэж дэмжсэн ч МАН-ын бүлэг энэ долоо хоногт 26 том, 50 жижиг тойрогт санал явуулах асуудлыг дахин хэлэлцэх гэж байна. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хэлснээр энэ долоо хоногт ажлын хэсэг гарч Сонгуулийн хууль тэр дундаа тухайлсан дээрх заалтыг дэмжих эсэх асуудлыг дахин нягтлахаар болсон аж.

-26 ТОМ, 50 ЖИЖИГ ТОЙРГИЙН АСУУДЛААР МАН-ЫН УДИРДАХ
ЗӨВЛӨЛ ДАХИН ХУРАЛДАХ УУ-

Тэрбээр сонгуулийг 26 том, 50 жижиг тойрогт явуулах саналаар МАН-ын бүлэг эцэслэн санал нэгдээгүй. Тиймээс дахин хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Мөн намын Удирдах зөвлөл уг асуудлаар хуралдаж улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай гэж хэлсэн юм.

Сонгуулийн дээрх хувилбарыг МАН дахь 27 ийн бүлэг буюу М.Энхболдын талынхан эсэргүүцсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

Тиймээс энэ хувилбарыг МАН-ын бүлэг дахин хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Хэрвээ дээрх хувилбарыг МАН-ын бүлэг үргэлжлэн дэмжвэл нэг намаас нийт 50 нэр дэвшигч УИХ-ын сонгуулийн жижиг тойрогт, 26 нэр дэвшигч Монгол улсыг нэг тойрог болгон өрсөлдөнө. Эсвэл Монгол улсыг нийт таван бүсчлэлд хувааж нэг бүсэд 5 нэр дэвшигчийг сонгох байдлаар явж магадгүй юм. Хэрэв 26 нэр дэвшигч Монгол улсыг нэг тойрог болгон нэр дэвшвэл сонгогч 1-26 хүнийг сонгоно.

Тухайн нэр дэвшигчдээс хамгийн их санал авсан 26 хүн дараагийн УИХ-д сонгогдох юм. Энэ тохиолдолд сонгогч заавал 26 хүний нэрийг дугуйлахгүй, тэднээс нэг нэр дэвшигчийн нэрийг ч дугуйлж болох ажээ. Харин 26 нэр дэвшигчээс илүү хүний нэрийг дугуйлсан тохиолдолд тухай саналыг хуудас хүчингүй болох ёстой. Амжвал Сонгуулийн хуулийг УИХ-аар 12 сарын 20-ны өдрөөс өмнө амжихгүй бол 25-ны өдрөөс өмнө батлахаар төлөвлөж байна.