Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноолоо

Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноолоо

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хаасан байна.

Мөн шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял оноожээ.

Түүнчлэн Төрийн банкны захирлууд болох  Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,  Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноожээ.

Хэргийг тодруулбал, “БНХАУ-ын иргэн Сун овогт Гуан Чины үүсгэн байгуулсан “Шинжан Шинфа” ХХК нь 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээлийг авсан мөртлөө уг зээлээ эргэн төлөөгүй байдаг.

Тухайлбал, 20 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд зах зээлийн үнэлгээ нь 300 орчим сая төгрөг хүрэх ганцхан орон сууцыг авсан, "Шинжан Шинфа" ХХК-ийн 20 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргасан өдөрт нь багтаан олгосон зэрэг маш олон ноцтой үйлдлүүд байсан нь ийнхүү шүүхийн шийдвэрээр баталгаажсан байна.