“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэв

“Сентеррагоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэв

Өнөөдөр /2019.12.09/ Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаж “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ нь “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийг хянан хэлэлцлээ. Ингэхдээ УДШ-ээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшлийн дээрх зөвшөөрлүүдийг цуцлахаас татгалзсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, эдгээр тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах тухай шийдвэр гаргахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж байв.