Н.Номтойбаярт "Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж Шүүх үзжээ

2019-12-13 12:58

Н.Номтойбаярт "Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж Шүүх үзжээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох шүүх хуралдаан өндөрлөлөө. Шүүх бүрэлдэхүүн түүнд холбогдох прокурорын хүсэлтийг хэлэлцээд “Таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй” гэж үзжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Өчигдөр миний бие сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амины хэрэг хийсэн мэтээр дайрч доромжлуулж байгаад  тайлбар хийсэн. Уг нь би тайлбар хийхээс илүү хэргийг шалгаж байгаа цагдаа, прокурор тайлбар хийх ёстой гэж бодсон. Гэтэл олон нийтэд мэдээлэл өгдөггүй.

Нэг зүйлийг онцолход, Г.Батхүү гэдэг хүнийг нас барсантай холбогдуулж хэн нэгнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд мөрдөн байцаалтад хэн нэгнээс хамааралгүй болох нь тогтоогдсон. Үүнийг дахиж надтай холбохгүй байхыг хэвлэлээс хүсье.

Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн ажилтан намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад гүтгээд байгаа юм. Прокурор хэлэх үг байхгүй байгаа биз дээ. Сая ажлын албаныхан зөвлөх туслахуудтай уулзахад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорын зүгээс гаргасан юм байна. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй  гэж үзсэн. Талархаж байна. Өөр юу хэлэх вэ. Өчигдөр орой над руу хэлсэн. Тэгээд ирж байгаа нь энэ. Болж өгвөл намайг муухай харагдуулах юм яваад байна” гэсэн юм.

2019-12-13 11:29

Н.Номтойбаярт хилийн хориг тавих асуудлыг шүүхээр хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч тавдугаар сард Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлэг байдлаар унаж харамсалтайгаар амиа алдсан билээ. Дээрх хэргийг  Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр /2019.12.12/ мэдээлэл хийж,  яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт нээлттэй хэлэлцэж байна.

2019-12-13 07:48

Н.Номтойбаярт “таслан сэргийлэх арга хэмжээ авах” Шүүх хурал өнөөдөр зарлагджээ

УИХ-ын дэд дарга, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан энэ оны тавдугаар сард төрийн ордонд өндрөөс унасан байдалтай амиа алдсан хэрэг гарсан.

Харин түүний энэхүү хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж, тус асуудлаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэл хийсэн. Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт “таслан сэргийлэх арга хэмжээ авах” тухай Шүүх хурал өнөөдөр 11 цагт зарлагдсан талаар мэдэгдлийг хүргүүлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудастаа “Худал мэдүүлсэн гэж гүтгээд 2 жил хүртэл төрийн алба хаах эрх хасч, 5.4 саяар торгох эсхүл 720 цаг нийтийн ажил хийх, 1 жил зорчих эрх хасах ялтай ангиар татсан. Дөнгөж цагийн өмнө шүүх хурал зарлаж. Яасан ч хурдан юм. Пицца хүргэлтээс ч хурдан. Очино доо. Хэвлэлд нээлттэй” гэжээ.

Н.Номтойбаярт ирсэн шүүхийн мэдээлэл