Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жилийн оноосныг хэвээр үлдээлээ

Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жилийн оноосныг хэвээр үлдээлээ

Өнөөдөр буюу энэ сарын 13-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцжээ. Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь бүлэглэж 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийг нь зогсоож шалгасан цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн зугтаахдаа цагдаагийн ахлах ахлагч Б-г тээврийн хэрэгслээс зүүгдэн явахыг мэдсээр байж засмал зам дээр унагааж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Мөн Б.Энхбаяр нь 2013 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд дангаараа 11 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогчдын урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч залилж, нийт 472 гаруй сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Энхбаярт хүн амины болон залилан мэхлэх гэмт хэрэгт нь 20 жил, Т.Лундаад хүн амины гэмт хэрэгт нь 13 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байсан юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Энхбаярт 20 жил, Т.Лундаад 13 жил хорих ял оногдуулсныг дахин хэвээр үлдээлээ.

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр өдрийн турш хэлэлцээд энэ сарын 4-ний 21.00 цаг өнгөрч байхад шийтгэх тогтоолоо танилцууллаа. Тус дүүргийн Прокурорын газраас Б.Энхбаярыг бусдаас их хэмжээний эд хөрөнгө залилсан, албан үүрэгтэй нь холбогдуулж Т.Лундаатай бүлэглэн цагдаагийн алба хаагчийн амийг бүрэлгэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2.2, 10.1-2.9, 10.1-2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.

Хэргийг эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эргүүлийн цагдаа, ахлах ахлагч П.Батсайхан, офицерын хамт 2018 оны аравдугаар сарын 15-ны 11.00 цагийн үед албан үүргээ гүйцэтгэж байхдаа Япон цэргийн дурсгалын цогцолбор орчимд “Ланд круйзер Прадо” маркийн автомашиныг зогсоон шалгасан байдаг. Гэвч гэмт этгээдүүд зугтаж, тэднийг зогсоох гэж машинаас зүүгдэн цонхыг нь хагалахаар оролдож таван км орчим яваад унаж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан нь тухайн үедээ олны анхаарал татаж байсан билээ. Цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан тэрбээр энэ онд тэтгэвэртээ гарах гэж байсан аж.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө