АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан уу

АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан уу

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хууль хяналтын байгууллага хэд хэдэн үндэслэлээр шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг УИХ-ын гишүүн Г.Батхүү агсны хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг, тайлбар өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд ХЭДС-гаас хамаарал бүхий этгээддээ их хэмжээний хүүгүй мөнгө зээлэхэд түүнийг нөлөөлсөн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.

Дээрх шалтгаанаар АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УЕПГ-т хүргүүлсэн гэсэн албан бус мэдээлэл байна.

Тэгвэл   УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ талаар хэвлэлүүдэд тодруулга өгөхдөө “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байхдаа орон нутгийн онцлог хэрэгцээнд тулгуурласан хуулийн дагуу бүх асуудлыг шийдсэн. Гэтэл АТГ  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан хууль тогтоомжтой холбож, санаатайгаар хольж хутгаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр хуралдсан байхад огт хуралдаагүй, хуурамч тэмдэглэл хөтөлсөн гэж намайг гүтгэж байна. Мөн гурван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа юм.

Энэ төслийн мөнгө нь эргэн төлөгдөөд  явж байгаа. 2,1 тэрбум буюу 53 хувийн төлөлттэй явж байна гэж С.Чинзориг сайд мэдээлээд байхад төлөгдөөгүй гэсэн. АТГ-ын ажилтан мэдээллийг нягтлахгүй, шалгахгүйгээр, надад мэдэгдэхгүйгээр яллагдагчаар татсан. Би бардам хэлэхэд, АТГ ичдэггүй юм бол миний асуудлыг оруулаад ир. УИХ дээр нээлттэй ярилцмаар байна. Би хуулийн дагуу ажилласан. Яллагдагчаар татах бичгээ УИХ-д оруулж ирээд, нээлттэй хэлэлцмээр байна. Яг одоогоор бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирсэн талаар мэдээлэл алга байна" гэсэн юм.