М.Тунсаг: Өрхийн эмнэлэг салхин цэцэг хэмээн буруу оношилж тос бичиж өгснөөр хүүхэд их харшилсан байсан

М.Тунсаг: Өрхийн эмнэлэг салхин цэцэг хэмээн буруу оношилж тос бичиж өгснөөр хүүхэд их харшилсан байсан

-ХӨСҮТ БУРУУ ОНОШИЛСОН МЭТЭЭР АЛБАН МЭДЭЭЛЭЛ АВААГҮЙ БАЙЖ МЭДЭЭЛЖ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА-

Өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр найман сартай хүүхэд биеийн байдал маш хүнд ХӨСҮТ-д хандахад эмч нар нь тоохгүй байснаас үүдэн тухайн хүүхэд хүндэрч Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн талаар мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг эмчээс тодрууллаа.

-Танай эмнэлэгт найман сартай хүүхэд ирэхэд эмч нар тоохгүй байсны улмаас биеийн байдал муудаж улмаар Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны 12 сарын 13-ны орой 23 цагийн орчимд мана ХӨСҮТ-д  ирсэн. Тэрхүү хүүхэд Баянзүрх дүүргийн 15-р дугаар хорооноос ирж хэвтсэн байгаа. Анх манайд найман сартай хүүхэд ирэхдээ тууралтат халдвар гэж ирсэн. Хүүхэд өмнөх өдөр нь буюу 12 дугаар сарын 12-ний өдөр харъяалынхаа өрхийн эмнэлэгт хандсан байсан. Өрхийн эмнэлэгт очиж хандахад бөгсний орчимд дараалсан гурван тууралтыг салхин цэцэг гэж буруу оношилсон юм билээ. Тэгээд ар гэрт нь дирмобактер гэх нэршилтэй идээт өрөвслийн тосон түрхлэг бичиж өгсөн байсан. Мөн өрхийн эмнэлэгт хандах үеэрээ найман сартай хүүхэд маань өндөр халуунтай хандсан учраас халуун бууруулах эм бичиж өгсөн байгаа юм.

Өрхийн эмчийн бичиж өгсөн тосыг нь ээж нь тууралтат хэсгээр биш. Харин бөгсөн хэсгээр нилэнхүйд нь арчиж түрхсэн гэсэн юм хэлж байсан. Үүний улмаас найман сартай хүүхэд тосондоо харшлаад манайд хандсан. Манайд ирээд интэрвирусын халдвар гэж оношлогдоод хэвтэж байна. Би тэр хүүхдийн бие дээрх тууралтыг харсан.

-Энэ хүүхдийг танайд хандаж ирэхээр нь их хүлээлгээд бие нь муудсан гэж ар гэрээс нь мэдээлэл хэлж байсан?

-Манай эмнэлэгт хүлээлгэсэн зүйл огт байхгүй. Тэр ч  бүү хэл Эрчимт эмчилгээний тасагт хэвтээгүй. Энгийн тасагт хэвтүүлсэн бөгөөд оношийн дагуу эмчилгээ хийлгээд бие нь сайжирсан. Одоо ч энгийн тасагтаа хэвтэн эмчлүүлж байна. Миний гол эмзэглэсэн зүйл нэг телевизээр салхин цэцэгтэй хүүхдийг буруу оношлоод одоо хүүхдийн биетийн байдал маш хүнд байгаа гэж мэдээлсэн байсан. Мөн нэг мэдээллийн сайтад ХӨСҮТ –ийнхэн буруу оношлосон, эмч нар ёс зүйгүй харьцсан, удаан хүлээлгэсэн мэтээр мэдээлсэн байна.

Тухайн өдөр хүүхэд ирэхэд хүлээн авах дээр гарсан эмч нартай бүгдээс нь юу болсон талаар асууж тодруулсан. Тухайн хүүхдийн аав нь надруу 8-9 удаа "Танайх чирэгдүүлж байна" гээд ярьсан. Утсаар мэдээлэл авсан даруйдаа шууд бүх сувилагч, эмч нартай нь уулзаж, нөхцөл байдалтай өөрийн биеэр тулж танилцсан. Гэтэл огт хүлээлгэсэн болон муухай харилцаа үүсгэсэн, буруу оношилсон зэрэг зүйлүүд байгаагүй. Ганцхан тэр хүүхэд өрхийн эмнэлгээс бичиж өгсөн тосонд маш их харшил өгч улмаар бөгсөн бие, өвдөг зэрэг хэсэгт их хэмжээний харшлын тууралт гарсан байсан.

Хүүхдийн биеийн байдал маш сайн байгаа. Анхнаасаа эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн зүйл огт байхгүй. Улсын хэмжээний мэргэжил арга зүйгээр хангадаг энэ эмнэлгийг эмч нар болон сувилагч нартай нь нэр хүндэд халдсан энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудад харамсаж байна. Манайхаас ямар нэгэн байдлаар мэдээлэл аваагүй байж ямар ч үндэслэлгүй мэдээлэл гаргасан байна. Цаашид биднээс албан ёсны мэдээлэл аваагүй байж эцсийн байдлаар батлагдаагүй мэдээлэл гаргах юм бол хуулийн дагуу хандах болно гэдгээ хэлмээр байна.




“BONUS BOOST” BSB-д

8 цагийн өмнө