БЗД-ийн 133 дугаар сургуулийн 1600 хүүхэд хохироод байна

БЗД-ийн 133 дугаар сургуулийн 1600 хүүхэд хохироод байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Эцэг, эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр энэ үеэр “БЗД-ийн 26 дугаар хороонд сургуулийн насны 5600 хүүхэд байдаг. Үүнээс дөнгөж 1600 хүүхэд нь Үндсэн хуулиар олгогдсон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох эрхийг эдэлж байгаа. Бусад нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Гэвч дээрх 1600 хүүхэд Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхдээ маш хүнд нөхцөлд дөрвөн ээлжээр бага цагаар хичээллэж байгаа нөхцөл байдалд сурч байна. Манай хороонд баригдсан ганц сургуулийн барилгыг хууль бусаар “Монгол Тэмүүлэл” сургуульд эзэмшүүлсэн. Гэтэл “Монгол Тэмүүлэл” сургуулийн хүүхдүүд 8-10 цаг ганц ээлжээр хичээллэж байна.

2017 оны зургадугаар сарын 28-ны нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014-2017 онд БЗД-ийн 26 дугаар хороонд баригдсан хичээлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахаар даалгасан байдаг. Гэтэл Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч н.Чулуунбаатар энэ захирамж гарснаас хойш гуравхан сарын дараа 196 дугаар тушаал гаргаад манай хорооны хүүхдүүдэд баригдсан барилгыг хууль бусаар “Монгол Тэмүүлэл”-д олгосон байгаа юм.

Энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргаад явж байгаа. Улсын хэмжээнд дөрвөн ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль байгаа учраас нийслэлийн Засаг дарга, БСШУС-ын яамнаас судлаад 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн Засаг дарга, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар “Монгол Тэмүүлэл” сургуулийг ХҮИС-ийн нэгдүгээр байр луу нүүлгэхээр шийдвэрлэсэн. Гэвч “Монгол Тэмүүлэл”-ийн эцэг эхчүүд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймээс өнөөдрийн хэвлэлийн хурлаар “Монгол Тэмүүлэл”-ийн эцэг эхчүүд та бүхэн нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаач ээ. Яагаад гэвэл үүний цаана БЗД-ийн 26 дугаар хорооны 1600 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. “Монгол Тэмүүлэл”-ийнхэн БЗД-ийн 26 дугаар хорооноос нүүхгүй гэж ярьдаг. Тийм учраас БСШУС-ын сайд “Монгол Тэмүүлэл” сургуулийг шинээр барихаар 7 тэрбум төгрөг суулгасан. Иймээс “Монгол Тэмүүлэл” сургууль нүүчихвэл 133 дугаар сургуулийн сурагчид хоёр ээлжээр хичээллэх боломжтой. Энэ барилга бол “Монгол Тэмүүлэл” сургуульд биш 133 дугаар сургуульд зориулагдсан барилга” хэмээлээ.