Ц.Аюуш: Би түрүүлнэ гэж бодоогүй. Шилдэг дөрөвт үлдсэндээ л баяртай байлаа

Ц.Аюуш: Би түрүүлнэ гэж бодоогүй. Шилдэг дөрөвт үлдсэндээ л баяртай байлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/ Боловсрол” суваг телевизтэй хамтран багш мэргэжлээр ажиллаж буй 30 мянга гаруй сурган хүмүүжүүлэгчийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, иргэд, олон нийтэд багш мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх,  ач холбогдлыг таниулах зорилгоор 100 сая төгрөгийн шагналын сантай “Би багш” Монгол Улсын шилдэг багш шалгаруулах төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.

Уг төслийн хамгийн анхны дугаарын буюу 2019 оны Монгол Улсын шилдэг багшаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын III дугаар сургуулийн багш Ц.Аюуш шалгарч, 100 сая төгрөгийн шагналын эзэн болсон.

Бид Монголын шилдэг багшаар шалгарсан Ц.Аюуштай ярилцлаа. Тэрбээр шилдэг багшаар шалгарснаас хойш Улаанбаатар болон Сэлэнгэ аймагт зохиогдсон олон арга хэмжээнд оролцоод завгүй байгаагаа бидэнд учирлаж байсан юм.

 -СУРЧ ЧАДДАГГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ ҮГҮЙ. ХЭРВЭЭ ШАВЬ ТАНЬ СУРЧ ЧАДАХГҮЙ БОЛ БАГШ ТА  АРГА БАРИЛАА Л ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ-

-Юуны түрүүнд Монголын шилдэг багшаар шалгарсанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Боловсролын салбарт анх удаа ийм өндөр шагналын сантай зохиогдсон уралдаанд оролцож түрүүлсэндээ маш их баяртай байна.

-Та өөрийгөө бидэнд товч танилцуулахгүй юу. Боловсролын салбарт хэд дэх жилдээ ажиллаж байгаа  вэ?

-Би харьцангуй залуу багш. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, унаган охин. Нутагтаа аравдугаар ангиа төгсөөд 2002 онд МУИС-ийн Монгол хэл, судлалын сургуулийн Монгол-Япон хэл судлалын ангид элсэж 2006 онд төгссөн. 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийг бага боловсролын багш мэргэжлээр төгссөн. 2019 онд буюу өнгөрсөн хавар Боловсрол судлалын магистр зэргийг хамгаалсан. Бага ангийн багшаар ажиллаад зургаан жил болж байна. Хоёр дахь ангиа дааж аваад ажиллаж байна.

-Сүүлд багшийн мэргэжлээр суралцсан юм байна. Яагаад багшийн мэргэжлийг сонгож суралцав? 

-Бага ангийн багшийгаа хараад л багш болохоор шийдсэн.  

-Уг уралдаанд оролцох шийдвэрийг та бие дааж өөрөө гаргасан уу. Эсвэл сургуулиас танд үүрэг өгөв үү. Уралдаанд оролцох явцад хүндрэл, бэрхшээлээс эхлээд сайхан үйл явдлууд тохиолдсон байх?

-Уг уралдаанд оролцуулах шийдвэрийг манай сургуулийн баг, хамт олон гаргасан. Тэднийхээ итгэлийг даагаад амжилттай оролцсондоо маш их баяртай байна. Уралдаанд 21 аймаг, есөн дүүргийн шилдэг 30 багш оролцсон. Газар, газрын манлайлал болсон шилдэг багш нараас нэвтрүүлгийн явцад маш их зүйлийг суралцсан. Үр өгөөжтэй, сайхан нэвтрүүлэг болсон гэж хувьдаа дүгнэж байгаа.

-Бага ангийн багш онцлогтой. Учир нь айлын жаахан хүүхдүүдтэй ажилладаг. Тэр утгаараа багшаас их ур чадвар шаарддага юм шиг санагддаг. Таны заах арга барил, ажилдаа баримталдаг зарчим юу вэ?

-Бага ангийн багшийн онцлогийг хэлнэ гэвэл маш их. Мэдээж хүүхдийг хамгийн анх эрдэм номд хөтлөн оруулдаг гэдэг утгаараа хариуцлагатай. Хүүхэд бүрт хүрч ажиллахыг шаарддаг. Бага ангийн багш тухайн хүүхдийнхээ ээж шиг л байдаг юм дөө. Хичээлээ заахаас гадна давхар хүүхдээ арчлах ажлыг хийнэ /инээв/. Манай сургууль нь Сэлэнгэ аймагтаа хамгийн олон сурагчтай сургууль. 540 гаруй хүүхдийн багтаамжтай сургуульд 1500 гаруй хүүхэд сурдаг. Тиймээс манай хүүхдүүд үдийн цайгаа ангидаа уудаг. Цайгаа авчирч хүүхдүүддээ өгөх, гарыг нь угаалгах, шүдийг нь тогтмол угаалгах гэх мэтээр ажиллана. Миний хувьд сурч чадахгүй хүүхэд гэж үгүй гэж боддог. Сурах арга барил нь таарахгүй л гэсэн алдаа бий. Тэгэхээр таны сурагч сурахгүй бол таны л заах арга барил хүүхдэд таарахгүй байна гэсэн үг. Тэгэхээр багш өөрийгөө л өөрчлөх ёстой.

-Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт ямар өөрчлөлтүүд орсон бэ. Одооны хүүхдүүдийн онцлог, хөгжил нь ямар байна. Түүнд тохирсон ямар арга барилыг баримталж хичээлээ зааж байна?

-Зургаан настай хүүхдүүд сургуульд ордог болсон. 2014 оноос эхлэн “Цөм” хөтөлбөр манай салбарт хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрийн давуу тал нь хүүхэд өөрөө суралцагч, эрэлхийлэгч байна. Харин багш зөвхөн чиглүүлж байх зарчим дээр ажилладаг болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна тухайн хүүхдийнхээ онцлогт тулгуурлаж хичээлийг явуулах ёстой.

-МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАГШААР ШАЛГАРАХ ҮЕДЭЭ
СЭТГЭЛ ДЭХ ЭМОЦИО ШУУД Л ИЛ ГАРГАСАН-

-“Би багш” уралдааны эцсийн дүнг танилцуулахад таны гаргасан эмоци олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Ер нь та энэ уралдаанд түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ. Таны нэрийг дуудах агшинд танд юу бодогдсон бэ. Тухайн агшныг эргэн дурсвал?

-Би түрүүлнэ гэж бодоогүй. Шилдэг дөрөвт үлдсэндээ л маш их баярлаж байсан. Уг нэвтрүүлгээр дамжуулан боловсролын салбарын нэр хүнд гарна гэдэг утгаараа сүүлийнхээ даалгаврыг биелүүлэхдээ их хариуцлагатай хандсан. Ямартай ч өөрийнхөө хэмжээнд даалгавраа хийсэн. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд багшаар ажиллахдаа хувь хүн талаасаа боловсролын салбарт хэрхэн, яаж, тэгш хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж ирсэн бэ гэдгээ л харуулахыг хичээсэн. Өөрийнхөө ярихыг хүссэн зүйлээ л ярьсан. Тэр маань л шүүгчдээс илүү өндөр оноо авахад хүргэсэн болов уу. Ер нь түрүүлнэ гэдэгтээ итгэлгүй байсан. Урдах ажлаа л сайн хийе гэсэн бодолтой байсан. Тэгээд миний нэрийг дуудах агшинд маш их баярласан. Түүнийгээ шууд илэрхийлсэн байх өө /инээв/

-Таныг энд уралдаанд орж байхад ангийнхан чинь эзгүй ямаршуухан байсан бол. Та манай уншигчдад ангийнхныхаа талаар танилцуулахгүй юу? 

-Би гуравдугаар ангийн багш. Манай анги 39 сурагчтай. Намайг эзгүйд манай сургуулийн багш нар долоо, долоо хоногоор ээлжлээд миний шавь нарт хичээл заасан.  Нэвтрүүлэгт оролцогчид есдүгээр сарын 23-наас эхлэн Улаанбаатарт нэг газарт төвлөрч байрласан. Суурийг нь сайн тавьсан болохоор хичээлээ дажгүй сайн ойлгоод байж байгаа байх гэж бодож байна. Тэд нартаа л санаа зовж байна. Очиж байгаад сайн ажилланаа. Шавь нараа их санаж байгаа. 

-Шагналын сан их өндөр байсан нь олны анхаарлыг татсан. Багшийн ур чадварыг ингэж өндөр үнэлдэг болсныг олон нийт энэ нэвтрүүлгээс мэдэж авсан байх. Нууц биш бол шагналын мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Боловсролын салбарт хийгдсэн өндөр шагналын сантай анхны уралдаан байсан. Энэ утгаараа хүмүүсийн анхаарлыг их татсан байх. Мэдээж багшийн ажил их хичээл зүтгэл, тэвчээр шаарддаг. Ялангуяа бага ангийн багшаас илүүтэй шаардана. Зургаан настай 40-50 хүүхдүүдийг бичиж, уншиж сургана гэдэг нь тэвчээр их шаарддаг ажил. Ажил, мэргэжлийн маань энэ онцлогийг үнэлээд өндөр шагналын сантай уралдаан тэмцээн зохион байгуулсанд маш их баяртай байгаа. Шагналаа зарцуулах төлөвлөгөөгөө гаргасан. Түүнийхээ дагуу зарцуулна гэж бодож байна.

-БИ СЭЛЭНГЭ АЙМГИЙНХАА СУРГУУЛЬД Л АЖИЛЛАНА-

-Таныг энэ уралдаанд түрүүлсний дараа өөр газраас ажиллах санал ирсэн үү. Та цаашдаа Мандал сумынхаа сургуульд багшлах уу эсвэл өөр байгууллагад ажиллах төлөвлөгөөтэй байна уу?

-Шилдэг 30 багш шалгарах үеэс л бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчийн сургуулиас санал тавьсан. Тухайн үедээ Мандал сумынхаа сургуулийн нэрийг гаргаад явж байгаа учраас “Одоогоор боломжгүй байна” гэдэг хариултыг өгсөн. Өдийг хүртэл аймгаа төлөөлөн сургуулийнхаа нэрийг гаргаж энэ хүртэл явсан учраас өөр газарт ажиллах бодолгүй байгаа.

-Та ойрын хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Хамгийн ойрын төлөвлөгөө бол ирэх аравдугаар сард Английн Лондон хотод болох тэмцээндээ бэлдэх байна. Маш хариуцлагатай үүрэг надад оногдсон. Тэр тэмцээндээ өөрийгөө маш сайн бэлдэх тэр дундаа хэлнийхээ боловсролыг дээшлүүлэх шаардлага бий. Шахуу л ажиллаж байна.

-Лондонд дэлхийн шилдэг багшийг тодруулах уу?

-Тийм.

-Танд цаашдын ажилд тань амжилт хүсье. Аравдугаар сард болох уралдаандаа амжилттай оролцохыг хүсье?

-Маш их баярлалаа. Та бүхэнд мөн амжилт хүсье.

-Ярилцсанд баярлалаа.