Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорьж байна

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг ШШГЕГ-ын 461 дүгээр ангид хорьж байна

-ХЭРЭГ НЬ ПРОКУРОРТ БУЦСАН УЧРААС Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАР СУЛЛАГДААГҮЙ-

Төрийн албан тушаалыг наймаалцаж, томилгоо хийх замаар 60 тэрбум төгрөг босгох, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг санаархсан гэх хэрэг бүрэн шидэгдээгүй хэвээр байна. Харин Г.Доржзодовыг шалгах шийдвэрийг өчигдөр /2019.12.24/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаас гаргажээ. Учир нь түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу хэмээн үзсэн байна.

Уг хэрэгт холбогдуулан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт тус бүрд нь дөрвөн жилийн ял оноосон ч Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан билээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Иймд тэднийг өнөөдрийг хүртэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан,  хорьж байгаа ажээ. 

Харин энэ тухай Ц.Сандуйгийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр хэвлэлд өгсөн тайлбартаа “Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг суллаагүй хорьж байгаа. Шүүх хурлын магадлал гараад прокурорт буцаачихлаа. Прокурор дээр хэрэг нь очих гэсээр байтал наанадаж д 14 хонох байх. Очсоны дараа бид батлан даалтад гаргах хүсэлт тавьж байж л суллуулна. Үүнээс өмнө суллах үндэслэл байхгүй” гэжээ.

-Г.ДОРЖЗОДОВ: ГЭМТ ХЭРГИЙГ НЬ ИЛЧИЛЛЭЭ ГЭЖ МИНИЙ АМЬДРАЛААР ТОГЛОСОН-

Тэгвэл Г.Доржзодов өөрийн цахим хуудсаанаар дамжуулан 2016 оны зургадугаар сараас 27-ноос эхлээд Ц.Сандуй, А.Ганбаатар Өлзий нарын АТГ, ЦЕГ, ТЕГ, Хамтарсан ажлын хэсэгт өгцгөөсөн ХУДАЛ мэдүүлгүүд, М.Энхболдын 2016.06.24-ээс эхлээд орон даяар сонгогчдыг ХУУРСАН бүх мэдэгдлүүд бүгд шалгагдах ёстой. АТГ ТЕГ ЦЕГ ШШYХ НПГ-ын зарим хүмүүст ч энэ хамаатай.

Гэмт хэргийг нь илчиллээ гэж миний амьдралаар тоглосон. Тоглохдоо хуулийн байгууллагуудыг зэвсэг болгон ашигласан үйлдлүүд нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан явдал. Энэ нь тухайн үеийн МАН дарга, МАН дарга нар хожим УИХ дарга, НИТХ дарга болоод ч зогсолтгүй хийсэн үйлдлүүд. Тэр олон баривчилгаа, бүслэлт, гүтгэлэг, доромжлол, хүний эрхийн асуудлуудыг яаж туулсан гэж боддог юм бол" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Ийнхүү 60 тэрбумын хэрэг тойрсон асуудлыг бүхэлд нь шалгахаар болоод байна. Тун удахгүй М.Энхболдыг шалгах үндэслэлтэй хэмээн хуулийнхан тайлбарлаж байна.