Д.Цогтбаатар: А.Баттөр буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна

Д.Цогтбаатар: А.Баттөр буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна

Нэр бүхий дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан гэж АТГ-аас мэдээлсэн. Тэр хүн нь Франц улсад суух элчин сайд А.Баттөр болох нь тодорхой болсон билээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодрууллаа.

-Франц улсад суугаа элчин сайд А.Баттөр оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?

-Тамхины асуудалтай холбоотойгоор Европт суугаа бүхий л Элчин сайдын яаманд хяналт, шалтгалт хийж байгаа. Хууль хүчний байгууллагатайгаа хамтраад хяналт тавьж байна. Хяналт тавихдаа ганц асуудлаар бус бүхий л байж болох зөрчлийн асуудлуудаар хяналтаа тавиад явж байгаа. Шалгалтаар янз бүрийн үр дүн гарч байгаа байх. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас бидэнд мэдээлэл ирүүлээгүй. Хяналт шалгалт дуусаагүй учраас бид ч мөн асуухгүй байгаа юм. Хилээр гарах эрх дээр нь хязгаарлалт тавьсан гэдэг албан ёсны мэдээллийг авсан. Энэ асуудлаа ч хууль хяналтын байгууллага бидэнтэй хуваалцахгүй. Яригдаж буй асуудал шүүхээр шийдэгдээгүй байгаа учраас шалгах ёстой гэж бодож байна. Эцсийн дүгнэлт гарахыг нь хүлээж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг бид бүрэн дэмжиж ажиллана. Ер нь энэ төр хяналттай, зүй ёсоор нь ажлаа хийгээд явж буй хүмүүст ямар ч асуудалгүй. Харин зөрчил гаргасан бол өршөөл байхгүй.

-Хэрвээ хууль зөрчсөнийг нь шүүхээр тогтоовол хариуцлага тооцох уу?

-Хуулийнхаа дагуу шийдэгдэнэ.

-Ямар үндэслэлээр хилээр гаргах эрхийг нь хассан юм бол таньд мэдээлэл өгсөн үү?

-Мэдээлэл өгөөгүй.

-А.Баттөр гадаад харилцааны салбарт хэдэн жил ажилласан юм бэ?

-Бүх насаараа гадаад харилцааны салбарт ажилласан. Өмнө нь мөн Францад сууж байсан. Намайг Гадаад харилцааны сайдаар томилогдохоос өмнө Францад суух элчин сайдаар томилогдсон байсан.

-МИАТ-ын нисгэгчид Германд хар тамхи хэрэглэсэн нь Монгол улсын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байна уу?

-Ямар олигтой байхав дээ. Тийм учраас энэ асуудал дээр зөөлөн хандах тухай ойлголт байхгүй. Гадны хууль хүчний байгууллагатай манай хуулийн байгууллагууд хамтраад ажиллаж байна. ОХУ-д айлчлах үеэр би цагдаагийн байгууллагаас төлөөлөл авч яваад ийм юмыг таслан сэргийлэх талаар холбогдох албаныхантай нь уулзуулсан. Хүний нутагт хийгдсэн хэрэг учраас тухайн орны тусгай байгууллагуудын хамтын ажиллагаа бидэнд хэрэгтэй байна.

-Дипломат албыг чанаржуулахын тулд ямар ажил хийж байна вэ?

-Боловсон хүчнээ чанаржуулахын тулд ажиллаж байна. Янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүмүүсийг сургууль, соёлд яваад ирэхэд нь ажилд авч чадахгүй байна. Тэгэхээр нь эхнээс нь мэргэшүүлэхийн тулд анхаарна. Тэр дундаа олон улсын эрх зүйчдийг бэлтгэнэ.