Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “сураггүй болж”, орлогч С.Алиманцэцэг нь “хатан хаан” шиг авирлаж эхэлсэн үү

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “сураггүй болж”, орлогч С.Алиманцэцэг нь “хатан хаан” шиг авирлаж эхэлсэн үү

Сүүлийн үед улс төрд “шударга бусын хонгил” гэгч үг моданд орсон. Харин манай улс төрчид тэр хонгилыг нураах гэж биш түлхүүрийг нь авах гэж хэмлэлддэг болсон нь нууц биш. Тэр нь ч ҮАБЗ-ийн зөвлөмж гэгчээр шүүх прокурорт өөрийн хүнийг шургуулах үзэгдлээр илрээд байгаа билээ. Харин тэрхүү хонгилоос өөрийн хүнээ чөлөөлж, өстэй хүнээ түгждэг түлхүүр нь прокурор бололтой.

Анх УИХ-аас  Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилоход овоо шударга хүн очлоо гэж хуулийн салбарынхан ч, олон нийт ч тун ам сайтай байсан. Гэтэл мөнөөх шударга прокурор маань усанд хаясан чулуу шиг алга болов. Алга болов ч юу байхав үгэнд орохгүй хэтэрхий шударгадаад байхаар нь түүнийг хүчээр “алга болгосон” бололтой.

Ингэж хэлэх болсны учир юу гэвэл Улсын Ерөнхий прокурорын албан үүргийг орлогч С.Алиманцэцэг нь гүйцэтгэх болсоор удаж байгаатай холбоотой. Тэгэхээр Б.Жаргалсайхан прокурор бол зүгээр л шударга ёсны бэлгэ тэмдгийн чанартай тавигдсан “амьгүй албат” болж таарав. Харин түүний халхавчин дор жинхэнэ эзний хүслийг гүйцэлдүүлэгчид ноёны зарлигийг ном ёсоор нь гүйцэтгэж байгаа бололтой.

Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг нь хэзээнээсээ ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн хүн гэгддэг бөгөөд ёстой л нэг хэмжээгүй эрхт “хатан хаан” шиг аяглаж аашлах болсон гэнэ. Улсын ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг хэдхэн хоногийн өмнө УЕПГ-ын нөлөө бүхий албан тушаалтнуудыг цуглуулж байгаад "…Би Ерөнхий прокурор болно. Гансүх намайг дэмжиж байгаа" гэж мэдэгдсэн байна. Түүнийгээ ч батлах гэсэн шиг УЕПГ-т бүтцийн өөрчлөлт хийж бужигнуулж эхэлжээ.

УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын мэдэлд байдаг боловсон хүчний асуудлыг өөртөө шилжүүлээд авч. Өөрөөр хэлбэл прокурорын байгууллагыг эзнийхээ хүслээр дургүй хүнийг нь гөвшдөг “бороохой”, аль дуртай зүг рүүгээ залж гуяддаг “бороо хээр” болгоодохож.

Прокурорын байууллага шинэчлэгдэж сайжрах биш харин ч муужрах тал руугаа орсон нь энэ. Ядаж байхад Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар хэмээгч нь урьд нь Сөрөх тагнуулын газрын дарга хийж байхдаа улсын нууц задруулсан хэргээр шүүхээс ял сонсож байсан нь прокурорт итгэх итгэлийг улам алдагдуулах болсныг нуух юун.

Өвчтэй гэсэн шалтгаанаар ажилдаа ирэхээ больсон Ерөнхий прокурор үнэхээр өвдөв үү, эсвэл түүнийг хуурамчаар өвтгөж ар хударгадав уу? гэдэг тун ээдрээтэй. Бараг л сүүлийн хувилбар нь үнэний ортой.  Харин түүний эзгүйд дуулиант хэргүүд ар араасаа харэгсэхгүй болж, үүнийг иргэд “бохир прокурор”-уудтай холбон хардаж байна. 

Үгэнд ордоггүй хуулинд үнэнч үйлчилдэг прокуроруудыг ҮАБЗ-ийн зөвлөмж, Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлж байгаад өөрсдийн “утсан хүүхэлдэй”-г тавьж “хонгилын түлхүүр” –ийг хүзүүндээ зүүж авсан эзний түшмэдүүд одоо бүр байтлаа аймгийн прокуроруудыг С.Алиманцэцэгийн гараар авч хаях дараагийн төлөвлөгөөндөө орсон бололтой. Тэр байтуай авч хаяхынхаа өмнө аваачиж тавих этгээдийнх нь нэрс ч урьтаад тодордог болчихсон нь жигтэй.

Ховд аймагт л гэхэд одоо байгаа прокурорыг нь зайлуулж оронд нь Алтанцэцэг гэгч прокурорыг тавих сураг дуулдаж эхлэв. Гэтэл мөнөөх Алтанцэцэг гээч нь өмнө нь бас л хууль зөрчиж, гэмт хэрэгт орооцолдож байсан “шилийн сайн бороо хээр” гэх.

С.Алиманцэцэг хатагтай Ерөнхий прокурорыг “хөөж” явуулаад толгой дээр нь “жороолж”, Алтанцэцэг гэгч баруун аймагт одоогийн прокурорыг зайлуулж байгаад ор суун “бороохээрлэх” сурагтай.

Гэмт хэрэгтнийг гэсгээн цээрлүүлэх ёстой Прокурорын байгууллагад гэм зэмтэй нөхөд ийнхүү даам гарах болсон нь яавч сайны ёр биш. Хуульд үйлчилдэг прокурор өдрийн од шиг ховордож, гэмт хэрэг “угааж” замхруулдаг “гилийн хар хатад” Прокурорын байгууллагыг самрах шинжиндээ орчихлоо.

С.Алиманцэцэг ингэж дураараа дургиж байхад Гансүхийн төмөр замын хийгээд бусад хавтаст хэргүүд илбийн юм шиг устах нь аргагүй хөөрхий. Зарим нэг зартай улс төрчид прокурор дээр байгаа олон тэрбумын дүнтэй хэргүүдийг хааж өгнө гээд төрөөс завшсан олон этгээдээс мөнгө авсан гэх муухай мэдээ ч чих дэлсч л байна. Нэр цэвэр хүнийг Ерөнхий прокурорт дэвшүүлж томилчихоод “өвчлүүлж” ардуур нь орлогч гээч улс төрчдийн хутгуур нь бэрс болдог бэрх цаг аж. Хуулийг хударгагүй хуульчдаас хамгаалах цаг аль хэдийнэ ирчихсэн байна шүү.