Салхитын ордын хэргийг шийдэхдээ авилга авсан байж болзошгүй таван шүүгчийн хэрэг шүүхэд шилжжээ

Салхитын ордын хэргийг шийдэхдээ авилга авсан байж болзошгүй таван шүүгчийн хэрэг шүүхэд шилжжээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг байрлах Салхитын мөнгөний ордын хэрэг өдгөө бүрэн шийдэгдээгүй байна. Тэрхүү маргааныг анхан шатанд шийдэхдээ "Ш.Мөнгөншагайг "Жи Фи Эф" компаний 60 хувийн хувьцааг эзэмшигч мөн" гэж тогтоосныхоо төлөө авлигал авсан гэх зургаан шүүгч, тэдэнд авлигал зуучилсан өмгөөлөгч, Шүүхийн шинжилгээний төвийн шинжээч, Дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга тэргүүтэй 10 гаруй хүний авлигын үйлдлийг АТГ-аас мөрдөн шалгалт явуулж хөдлөшгүйгээр нотолсон байдаг. Хэргийн материалыг прокурор хянаад яллах дүгнэлт үйлдэн Шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр шүүгчдийн гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн тогтоох юм.

-НЭГ ШҮҮГЧ НЬ ГАДААДАД БАЙГАА УЧРААС ХЭРГИЙГ НЬ ТУСГААРЛАСАН-

Салхитын ордоос авлигал авсан хэрэгт холбогдсон зургаан шүүгч бол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг нар юм.

Шүүгчид Салхитын ордын хэргийг Ш.Мөнгөншагайн талд шийдвэрлэхдээ тус бүртээ 10-150 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тэдэнд авлига зуучилсан гол хүн нь Ганц худгийн урьдчилан хорих төвд амиа алдсан гавъяат хуульч, шүүгч асан Л. Бямбаа байсан гэдгийг зарим хэвлэл мэдээлжээ.

Эдгээр зургаан шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан эмчилгээ хийлгэх нэрээр БНСУ-ыг гэр бүлийн хамт зорьсон ч өнгөрсөн есдүгээр сараас хойш ирээгүй. Иймээс уг хэргээс Ц.Амарсайханы холбогдсон хэсгийг тусгаарлан, үлдсэн шүүгчдийн авлигын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө