Баянзүрх дүүрэгт нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг хүүхэд амьсгал хураажээ

2019-12-30 15:42

“Угаартаж амиа алдсан охиноо өнөөдөр хөдөөлүүлж байна”

Шинэ он солигдох мөч хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд хүн бүрийн сэтгэлд баяр хөөр дүүрэн байгаа. Гагцхүү 11 настай хөөрхөн охиноо алдсан нэгэн гэр бүлийг уй гашуу нөмрөөд байна. Энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн XI хороонд нэг айлын гурван хүүхэд угаартаж, 11 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Хүүхдүүдийн аав н.Шинэбаяртай “Ардчилал таймс” сонин холбогдож, зарим зүйлийг тодруулжээ.

-Гэр бүлд нь уй гашуу тохиолдсонд гүн эмгэнэл илэрхийлье. Танаас зарим зүйлийг тодруулж болох уу?

-Хөөрхөн охиноо алдчихаад хэцүүхэн л байна даа. Холбогдох байгууллагаас шинжилгээний хариу гарах хүртэл ямар нэгэн мэдээлэл өгч болохгүй гэж бидэнд анхааруулсан. Тэгэхээр таны асуултад хариулах боломж муу л байна. Бид хаана, хэнд хандахаа ч мэдэхгүй л байна. Ямартай ч маргааш (2019.12.30) талийгаач охиныхоо ажил явдлыг өнгөрүүлэх гэж байна.

-Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хэзээ гарах талаар хэлсэн үү?

- Мэргэжлийн байгууллагын дүгнэлт 14-21 хоногийн дотор гарна гэсэн.

-Танайх гурван хүүхэдтэй айл уу?

-Манайх дөрвөн хүүхэдтэй айл л даа. Том эгч нь тусдаа гарсан. Түүний дор 12, 11, хоёр настай хүүхдүүд байсан. Харамсалтай нь дунд охиноо алдчихлаа. (Уйлав) Ээж нь эмнэлэгт хоёр хүүхдээ сахиж байгаа. Хүүхдүүдэд тасралтгүй хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Хамгийн бага хүү минь хоёр настай. Уг нь ихэр байсан юм. Өнгөрсөн жил нэг нь өөд болчихсон юм л даа. Хүүгээ ч бас алдангаа л алдлаа. (Уйлав) Анх эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан. Орой нь ухаан орсон.

-Тухайн өдөр юу болсон талаар мэдээлэл өгөөч. Хэн анх 103 руу дуудлага өгсөн юм бол?

- Өнгөрсөн пүрэв гаргийн өдөр 13 цагийн үед би нүүрсэндээ явахаар гэрээсээ гарсан. Манайх гэрт амьдардаг л даа. Өглөө нь галлагаагаа хийдгээрээ хийгээд шахмал түлш түлсэн. Одоо бодоод байхад өглөөнөөс бага багаар угаар ялгарч байсан юм шиг байна лээ. Учир нь намайг нүүрс авч ирэхээр усныхаа тэргийг түрээд явах үед бие сульдаад байсан. Манай Хонхорт сайжруулсан шахмал түлш олддоггүй. Манай гэр төв замаас зайтай байдаг. Хоёр шуудай нүүрс авахын тулд өглөө 11 цагаас орой 19 цаг хүртэл хүлээж байгаад авдаг. Ирэхээрээ 15 минутын дотор л дуусчихдаг. Зарим үед нүүрс олж авч чадахгүй болохоор том мод түлж гал залгуулах үе олон байсан.

-Нүүрсэндээ хэдэн цагт яваад, хэд болж байхад ирсэн бэ?

-Би 13 цагийн үед гэрээсээ гараад 14 цаг 20 минут орчмын үед гэртээ эргэж ирсэн. Намайг ирэх үед хүүхдүүд бүгд ухаангүй байсан. Бага хүү орон дээрээ, охид газар амнаас нь хөөс сагасан, гар нь таталт өгсөн байдалтай байсан. Талийгаач охин маань ямар ч хөдөлгөөнгүй байсан. Түргэн тусламж дуудахад “Ачаалалтай байна” гээд болохгүй байсан. Тэгэхээр нь том охин руугаа залгаад “Болохоо байлаа. Түргэн тусламж дуудаарай” гэж хэлсэн. Охин дуудлага өгсөн. Түргэн тусламжийн төвөөс манай Хонхор тосгоныг хариуцдаг түргэн тусламжийн дугаар өгсөн. Үнэндээ тэр хооронд их цаг алдсан. Цаг алдаагүй бол охин минь эсэн мэнд байх байсан ч юм болов уу гэж бодогдоод байна. (Уйлав) Ах нь үүнээс өөр юм одоогоор ярьж чадахгүй нь гэлээ.

2019-12-27 16:56

Баянзүрх дүүрэгт нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг хүүхэд амьсгал хураажээ

Өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд нэг айлын гурван хүүхэд угаартаж, 11 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Одоогийн байдлаар хоёр хүүхдийн биеийн байдал хүнд Хордлогын эсрэг үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Энэ хэрэгтэй холбогдуулж төрийн байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа ч мэдээллийг нууцлах чиглэл өгсөн талаар зарим хэвлэл мэдээллийн байгуулага нийтэлжээ. Энэ харамсалтай хэргийг талаар бид хүүхдүүдийн ээжээс тодруулга авах гэсэн боловч "эмнэлэгт завгүй байна" хэмээсэн билээ.