Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих шаардлагагүй гэж үзлээ

2020-01-03 13:54

Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих шаардлагагүй гэж үзлээ

Авлигатай тэмцэх газраас Зам тээвэр, хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг их хэмжээний авлига авах гэж байхад нь баривчилсан.

Харин өнөөдөр түүнийг өмгөөлөгч, "Хятадын хоёр иргэн мөнгө орхиод зугтсан болохоос миний үйлчлүүлэгч аваагүй" гэсэн тайлбар өгчээ.

Х.Оргил-Эрдэнийг үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналаа прокурорын байгууллага Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавьсан. Дээрх саналыг хэлэлцэх үед цагдан хорионы шүүгчээс татгалзсанаар цагдан хорих хугацаа нь дуусч, түүнийг сулласан юм. Харин өнөөдөр шүүх дээрх асуудлыг хэлэлцэж Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих үндэслэл байхгүй хэмээн гадуур шалгахаар болсон байна. 

2020-01-03 10:14

Дарханы замын Хятад компаниас авилга авсан гэх ЗТХЯ-ны Х.Оргил-Эрдэнийг хорих эсэхийг ӨНӨӨДӨР шийднэ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Даваа /2019.12.30/ гарагт Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг нэгэн Хятад иргэний хамтаар хойшлуулшгүй ажиллагаа явуулж, дайчлан баривчилж, 48 цаг цагдан хориод сулласан байдаг.

Иймд түүнийг үргэлжлүүлэн хорих саналаа арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Прокурорын байгууллагаас Шүүхэд гаргасан боловч Х.Оргил-Эрдэнийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байна.

Харин өчигдөр уг татгалзлыг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатарыг орлож буй шүүгч С.Оюунчимэг хянаад татгалзсан нь үндэслэлгүй хэмээн дүгнэжээ. Тиймээс өнөөдөр тус шүүхийн шүүгч Х.Идэр ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг үргэлжлүүлэн хорих, эсэхийг шийдвэрлэх нь.

Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52 даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж компанийн Хятад иргэнээс 20 мянган юанын авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх албан бус мэдээлэл байна.