СУРВАЛЖИЛГА: Төрөлхийн гаргүй хүүхдүүдэд ухаалаг хиймэл гар бүтээж өгч буй МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД

СУРВАЛЖИЛГА: Төрөлхийн гаргүй хүүхдүүдэд ухаалаг хиймэл гар бүтээж өгч буй МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД

-БИОЛОГИЙН ГАР АТГАЖ БУЙ МЭТ МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙСАН.
ХӨДӨЛГӨӨН НЬ ЯГ Л ХҮНИЙ ГАР ШИГ БАЙСАН-

10 настай А.Ариунхишлэг охины МӨРӨӨДӨЛ: “...Би жирийн охидын адил дээс тоглож, үсээ боож, аяга угааж, өөрөө хувцсаа өмсөж, зураг зурахыг мөрөөддөг. Би хөгжлийн бэрхшээлтэй биш зарим хөдөлгөөнүүдийг л хийж чаддаггүй...” Энэ бол нэг жилийн өмнө А.Ариунхишлэг охины хэлсэн үг. Тэгвэл тэр өнөөдөр хүсэл, мөрөөдлөө биелүүлж зураг зурж, аяга угааж, хувцсаа өөрөө өмсдөг болсон. Тэр маш их баяр жаргалтай амьдарч байна. А.Ариунхишлэгт энэ их баяр баяслыг бэлэглэсэн хүмүүс бол “Систем Инженерчлэл Монгол” ХХК-ийн инженерүүд юм.

Түүнтэй яг ижил бэрхшээлтэй буюу нэг гаргүй найман настай Б.Билгүүн хүү мөн өнөөдөр хүсэл мөрөөдлөө биелүүлэн ээж, аавдаа тусалж, шинэ гараараа бүхнийг мэдэрч тоглож чаддаг болсон байна.

Зураг: Билгүүн хүү шинэ жилийн өмнөхөн шинэ гараа зүүжээ

Төгс гоо сайхан гэдэг нь эрхтэн бүтэн байхыг хэлнэ гэх алдартай үг бий. Үүнтэй адил төгс гоо сайхныг бусдад бэлэглэж гурван хүүхдийг хиймэл гартай болгосон сайхан сэтгэлт залуусын тухай, тэдний хийж буй ажлын талаар сурвалжлахаар бид IТ паркийг зорилоо.

СОНСОХ:

Энд үйл ажиллагаагаа явуулдаг “Систем инженерчлэл Монгол” ХХК-ийн инженерүүд бүтэн нэг жилийн хугацаанд хөдөлмөрлөсний үр дүнд өнгөрсөн арван хоёрдугаар сард гурван хүүхдийг мэдрэлийн судсаар дамжих сигналуудаар удирдах боломжтой бионик гартай болгож чаджээ. Тэд тун удалгүй нэмж хоёр хүүхдийг хиймэл гартай болгоно.

Хүүхдүүд гараа зүүх үед сэтгэл хөдлөл нь ямар байсан бэ гэх асуултад “Систем инженерчлэл Монгол” ХХК-ийн захирал Г.Тулга хариулахдаа “Үнэхээр гайхалтай байсан. Тэр мөчийг хараад бид бүгд хязгааргүй их баярласан. Хүүхдүүд гартай болоод хамгийн анх юм атгаж, тавьж үзсэн.  Тэдний нүд нь баяр, жаргалаар бялхаж, гэр бүлийнхэн нь уйлж  байсан. Б.Билгүүн хүү ангийнхандаа гараа гайхуулсан гэсэн. Гараа зүүж очсон анхны өдөр нь ангийнхан нь одоо атгадаа, одоо сулалдаа гээд зүгээр байлгаагүй гэнэ лээ. Хамгийн их сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн нь Б.Билгүүн байсан. Анх гарны хэмжээ аваад өөрт нь тохирсон гар хийж эхлэх үеэс л байнга асууж, сэтгэл догдлон хүлээж байсан. Таквендогоор хичээллэдэг хүү л дээ.  

А.Ариунхишлэг охин зураг зураад түүнийгээ хоёр гараараа барьсан байгаа байдал

Харин А.Ариунхишлэг охин эхний зорилгоо биелүүлээд маш том зураг зурсан. Хүүхдүүдэд бүрэн бүтэн мэдрэмжийг өгч чадсандаа бид баяртай байна. Хамгийн гайхалтай нь бүгдтэй  нь гар барихад хүний гар барьж байгаа юм шиг л мэдрэмж төрсөн нь их гоё байсан” гэсэн юм.

-ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АСУУДЛЫГ
ТЕХНОЛОГИЙН АРГААР ШИЙДЭЖ БОЛНО-

Бид уг асуудлаар Г.Тулгатай дэлгэрэнгүй ярилцав.

-Таны удирдаж буй “Систем инженерчлэл” ХХК системийн хөгжүүлэлт хийдэг юм байна. Технологийн компани мөртлөө эрүүл мэндийн салбарын ажлыг хийж хиймэл гар бүтээжээ. Таныг болон танай инженерүүдийг хиймэл гар хийхэд хүргэсэн шалтгаан юу  байсан бэ?

-Манайх электроник, програм хангамжийн төсөл хэрэгжүүлдэг компани. Анх 2012 онд үүсгэн байгуулагдсан, электроник, механик, програм хангамжийн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хүний нөөцийн багтай. Бид 2018 оны хоёрдугаар сараас хиймэл гарын төслийг санаачлаад ажлаа эхлүүлээд явж байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, санаандгүйгээр энэ төслийг хийхээр болсон. Гадны улсад гаргүй хүүхдүүдийг хиймэл гартай болгож буй бичлэгийг би фэйсбүүкээс үзсэн юм. Тэр бичлэгийг хараад их сэтгэл хөдөлсөн. Хүмүүс өөрсдийн хийж чадах зүйлээрээ ойр дотнын хүмүүстээ туслах боломжтой юм байна гэдгийг тухайн үед ойлгосон. Тухайн үедээ би хэд, хэдэн хүнтэй уулзаад “Би ийм төсөл эхлүүлэх гэж байна. Хиймэл гар хийнэ. Хамтрах уу” гэж хэлсэн. Гэтэл хэн нь ч ойлгож, хүлээн аваагүй. Бичлэг үзүүлээд байхад л ойлгоогүй. Тэгээд би хэн ч ойлгохгүй юм байна, өөрсдөө л хийж харуулъя, итгэлийг нь хүлээе гэж ойлгоод ажлаа эхлүүлсэн. Энэ хугацаанд бидэнтэй хамтран ажилладаг BTF компанийн захирал Огторгуй дэмжиж хамтраад эхний таван хүүхдийг гартай болгох ажлаа хийж байна.

-Та бүхэн төслөө хэд шатлалд хувааж байгаа юм. Төсөл яг хаана хүрч бүрэн хэрэгжиж дуусах вэ?

-Төсөл маань хоёр шатанд хуваагдана. Эхний шатанд таван хүүхдийг туршилтын загвар механик гартай болгож байна. Хоёр дахь шатанд электрон гарыг нэмэлтээр хийж өгч байгаа юм. Тэр гар нь булчингийн мэдрэгчтэй байна. Арьсанд мэдрэгч наана. Тэр мэдрэгч нь цахилгаан хэлбэлзэл долгионуудыг мэдрээд хуруунуудыг хөдөлгөх юм. Үүнийг хийсний дараа бодлоор хөдөлдөг гар хийнэ. Толгойдоо чихэвч бодол уншигч төхөөрөмж зүүнэ. Тэр нь маш гоё өнгө үзэмж, дизайнтай Америкийн бүтээгдэхүүн байх юм. Бодлоор удирдан хоёроос гурван үйлдэл хийж болох гарыг бид хоёр дахь шатандаа хийнэ. Хоёр дахь шат дөнгөж эхлээд явж байна. Бидний зорилго бол хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тулгамдсан асуудлыг технологийн аргаар шийдэх юм. Ингэх боломжтой. Гаргүй байлаа гээд ялгаварлан гадуурхагдахгүй, компьютер дээр ажиллачихдаг, ажил хийх чадвартай болох боломжоор хангахаар ажиллаж байгаа юм.

-Эхний шатанд бүтээсэн механик гарны ид, шидийг та хэлээч. Энэ гартай хүүхэд ямар үйлдэл үзүүлж чадах вэ?

-Механик гар нь хоёр үйлдэлтэй. 300 грамм жинтэй биетийг атгадаг. Яваандаа 3-4 кг ачааг даах чадвартай болгоно. Бид үзэг бариад бичиж чаддаг болгох л зорилготой байгаа. Тэр болтол дахиад хоёр жилийн хөгжүүлэлт хийх шаардлагатай. Инженер, механик, програм хангамж, зураглалын хосолсон хөгжүүлэлт хийнэ.

-Хүүхдүүдийг та бүхэн өөрсдөө сонгож авсан байх. Туршилтад оролцож буй хүүхдүүдтэйгээ анх хэрхэн холбогдсон бэ?

-Бид энэ таван хүүхдээ хайж, сураглаж байгаад олсон. Протезийн үйлдвэртэй анх холбогдсон. Тус үйлдвэрээр дамжуулан төсөлд хамрагдах хүүхдүүдтэйгээ холбогдсон. Тэгээд төсөлдөө хамруулаад гартай болголоо.  Онцлог нь хайртай баатруудынх нь зурагтай, дуртай өнгөтэй гарыг нь хүүхдүүдэд хийж өгсөн.

-Гарны бүтцийн талаар танилцуулаач. Тогоор цэнэглэж ажиллуулдаг юм шиг харагдлаа?

-Хэв аваад бүтээдэг. Таван хуруу болон тохойгоороо хөдөлдөг. Ер нь долоон цэгт хөдөлдөг. Цаашид бид эрх чөлөөний  10 цэгтэй, алгаараа бүтэн эргэдэг гар зохион бүтээнэ. Яг Iron man кинонд гардаг шиг загвартай гар бүтээнэ. Сая Б.Билгүүнд улаан, шар алтлаг өнгөтэй алганаасаа гэрэл асдаг гар бүтээж өгсөн. Бидний хийж буй гар өдөр бүр илүү сайжирч, гоё болж байна. Бидний гар дөрөв дэхь загвар дээрээ явж байгаа. Хөгжүүлэлтийн гурван шатнаас эхний шатандаа л ажиллаж байна даа.

-Төрөлхийн болон осол зэрэг гадны нөлөөллөөс шалтгаалж гаргүй болсон нийт хэдэн хүүхэд байдаг юм бол. Тэдний хэдийг нь гартай болгох боломжтой талаар судалгаа хийж байсан уу?

-Бэлэн судалгаагаар нийт 105730 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгэлтэй байна. Үүнээс бидний зорилтод болгон харж буй хөдөлгөөний бэрхшээлтэй 0-17 насны 2000 хүүхэд, түүнээс сургуулийн өмнөх насны 1087 хүүхэд байгаа юм. Улаанбаатарт 1000 хүүхэд байгаа гэж бид тооцож байгаа. 1000 хүүхэд дотроосоо зөвхөн гарны бэрхшээлтэй тэр дотроо бидний гарыг нь хийх боломжтой 500 хүүхэд бий гэж харсан. Гэхдээ цаашид бид 5000 хүнд хүрч ажиллана гэж төлөвлөж байгаа. Учир нь зөвхөн хүүхэд биш үйлдвэрлэлийн ослоор гаргүй болсон олон хүн байдаг. Тэр хүмүүс маш их харамсалтай амьдардаг. Цаашид тэднийг гартай болгохын тулд ажиллана. Тэднийг гартай болгох боломж бидэнд байна. Энэ бол зайлшгүй хийх ажил.

-Туршилтын нэг жилийн хугацаанд ажиллахад маш их бүтэлгүйтэл байсан байх. Энэ гарыг бүтээх хүртэл хэр их бэрхшээл, зовлон туулав?

-Анхны загвараа хүмүүст харуулсан чинь “Гоё юм байна” гэж хэлсэн мөртлөө цаагуураа муухай, царай муутай байна гэж ярьсан. Тухайн үеэс бид хийж буй зүйлээ илүү сайжруулах ёстой юм байна гэж хичээж ажилласан. Тиймээс бид одоо илүү их ажиллаж, илүү сайн гар бүтээхээр ажиллаж байна.

-Уг төсөл цаашид хэрхэн үргэлжлэх вэ?

-Гурван компани нийлж 40 гаруй сая төгрөгөөр судалгаа шинжилгээний ажил хийж таван хүүхдийг гартай болголоо. Нөөц маань шавхагдаж дуусна. Тэр үед бид уриалга гаргахаар төлөвлөж байна. Аж, ахуй нэгж бүр нэг хүүхдийн зардлыг нь хариуцаад гартай болгохыг уриална. Байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг хүүхдийг гартай болгоно гэсэн үг. Нэг гарны зөвхөн материал өртгийг нь бодож үзэхэд 1 сая 200 мянган төгрөг шаардагдана. Гадаадад протезууд маш өндөр буюу 70-80 мянган долларын үнэтэй байдаг. Тийм үнэтэй бүтээгдэхүүнийг авах бололцоо хомс. Тиймээс монголчууддаа зориулсан бүтээгдэхүүнийг бид л хийхгүй бол болохгүй. Протез нь  байхгүй хэсгийг нь орлосон, хөдөлгөөнгүй, хэрэглэхэд тохиромжгүй.  Тэгээд гадны улсаас захиалахаар сая гаруй төгрөгийн үнэтэй, хөдөлгөөнгүй, оёмол бүтээгдэхүүн ирж байгаа юм. Харин бидний гар технологи шингэсэн, оюун ухаан шингэсэн байх юм.

-Гадны улсаас электрон гар худалдаж авбал хэдэн төгрөг шаардагддаг вэ?

-Бидний бүтээсэн электрон гар нь USB ээр холбоод цэнэглэдэг. 12 цаг барихаас гадна булчингийн ажиллагаа, батарейны хувийг дэлгэцэн дээр харуулдаг. Алган дээрээ жижигхэн цахилгаан мотортой. Мөн хүч дамжуулах арааны механизмтай байна. Маш олон механизмаараа дамжуулан хуруунуудаа хөдөлгөнө. Электрон гар нь маш өндөр өртгөөр бүтдэг. Электроникийн хэсэг буюу бодол уншигч, булчингийн мэдрэгч, удирдлагын схем, мотортойгоо нийлээд 1800 доллар болж байна. Бүгдийг нь АНУ-аас захиалгаар оруулж ирээд туршилтаа хийгээд явж байна. Бид электрон гараа 2000 долларт багтаана. Гадаадад 70-80 мянган доллараар зардаг. Харин бид 2500 долларт багтаана. Ингэснээр бид хүмүүст гэгээлэг ирээдүй бэлэглэх боломжтой байх юм.

Нэгдүгээр шатны гар 2019 он

-БИД БОДОЛ УНШИЖ ХӨДӨЛГӨӨН ХИЙДЭГ ЭЛЕКТРОН ГАРЫГ
2500 ДОЛЛАРТ БАГТААН ХИЙНЭ-

Нэгдүгээр шат 2019 он

-Гарны механик хийцийг хийж хуруу тус бүрийн моторыг удирдаж сурах

-Нэмэлт бээлий ашиглан Bluetooth-ээр удирдах

-Булчингийн мэдрэгч ашиглан удирдах

Хоёрдугаар шат 2020 он

-Гарын бугуйны хэсгийн хөдөлгөөн хийх

-Баттерей менежмент систем хөгжүүлэх

-Нэмэлт аксесуарууд байрлуулах, хиймэл оюун ухаан хөгжүүлэх

Гуравдугаар шат 2021 он

-Хиймэл оюун ухаан болон булчингийн мэдрэгч хослуулан удирдах

-Гар утасны програм хөгжүүлэх

-Камер ашиглан дүрс боловсруулалт хийж гарны хурд, чиглэлийн нарийвчлалыг сайжруулах

САЯ ХҮҮХДҮҮДЭД ӨГСӨН ГАР НЬ

-3D хэвлэлтээр хийгдсэн

-Өртөг хямд

-Экологийн цэвэр материал

-Үйлдвэрлэх хугацаа богино

-Хөдлөхөд саадгүй, ашиглахад аюулгүй

-Зайг солих, цэнэглэх боломжтой

-Хөдөлгөөнийг богино хугацаанд мэдэрнэ

-Батарей зарцуулалт бага

-Зай дуусах үед мэдэгддэг

Нэгдүгээр шатны гар 2019 он




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө