Хятад, Хонконг, Сингапураар аялахгүй байхыг анхаарууллаа

Хятад, Хонконг, Сингапураар аялахгүй байхыг анхаарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ оны нэгдүгээр сарын 5-нд БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчнөөр 44 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар  мэдээлсэн байна. Өвчний нэгдүгээр хавьтал болох 121 хүнийг хяналтдаа авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Тус өвчний талаар өнөөдөр /2020.1.6/ Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Уг өвчний шалтгаан нь тодорхойгүй ч уушгины хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Амьсгалын замын халдварт өвчин тул ЭМЯ-ны зүгээс ард иргэддээ зориулан сэрэмжлүүлэг гаргаж байна. Өвчлөл гарч буй улс оронд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулъя” гэлээ.

Дээрх төрлийн өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдэд өндөр халуурах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бөгөөд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн зардаг захад ажилладаг хүмүүс ихэвчлэн өвчилсөн байна. Одоогоор өвчний шалтгаан, эх уурхай, дамжих зам тодорхой бус байна. Мөн Хонконг, Сингапурт өвчлөл бүртгэгдсэн талаар албан бус мэдээлэл байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг өгч байна.

  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
  • Амьтны аж ахуй, захаар явахгүй байх;
  • Амьтны өтгөнөөр бохирлогдсон гадаргууд хүрэхгүй, үхсэн амьтны сэг зэмтэй харьцахгүй байх;
  • Түүхий болон дутуу боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Өндөр халуурах, ханиах зэрэг уушгины хатгалгаа өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах зэрэг болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар БНХАУ нь уг өвчний өндөр эрсдэлтэй оронд тооцогдож байгаа бол Номхон далайн баруун бүсийн орнууд бүгд дунд эрсдэлтэйд тооцогдож байгаа аж. Тиймээс Монгол Улсын иргэдийг өндөр сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ анхаарууллаа.