"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс улс төрийн намуудад шаардлага хүргүүлнэ

"Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс улс төрийн намуудад шаардлага хүргүүлнэ

Бид уучлахгүй хөдөлгөөнөөс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудад нийгмийн тулгамдсан асуудал болох авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсооход хэрэгжүүлж болох хуулийн өөрчлөлт, шийдлүүдийг намын бодлого хөтөлбөртөө тусгаж авлигын эсрэг бодитой бодлого хэрэгжүүлж ажиллахыг хүссэн байна.

Улс төрийн намуудад хүргүүлж буй тус шийдлүүдэд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тодорхой шийдлүүд, цаашлаад  Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хууль, Иргэний цахим засаглалын тухай хуулийг шинээр боловсруулж батлуулах зэрэг санал, шийдлийг тусгажээ.

Тус хөдөлгөөнөөс мэдээллэхдээ цаашид Монгол Улсын хорт хавдар болсон Авлига, албан тушаалын гэмт хэргийг таслан зогсооход төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншлэлд тулгуурлан нийтээрээ нэг хүч болон хөдлөхийг уриаллаа.