Автомашин ачилтын компаниуд иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэллээ

Автомашин ачилтын компаниуд иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэллээ

Нийслэлээс автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компаниудад хяналт шалгалт хийж байна. 

Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатарын хэлснээр өнөөдрөөс автомашин ачиж явсан тохиолдолд эзэн рүү нь автоматаар зурвас илгээхээс гадна, 60 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа авч буй иргэдэд НӨАТ-ын баримт олгож эхэлжээ. 

Хэрэв иргэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж автомашинаа зогсоолгүй газар байршуулсан тохиолдолд чанга яригчаар гурван удаа зарлан мэдээллэнэ. Эзэмшигч гарч ирээгүй тохиолдолд бэхэлгээг хийн ачих үйл явцыг эхлүүлнэ. Харин ачих үйл явц эхэлсний дараа буюу ачилтын автомашины хөдөлгөөн эхэлсний дараагаар эзэмшигчийн АТҮТ-д бүртгэлтэй дугаар болон автомашины цонхон дээрх гар утасны дугаар руу 30 секундын дотор зурвас илгээх аж. 

Иргэд 60 мянган төгрөгийн ачилтын хураамж төлж автомашинаа журмын хашаанаас авдаг. Энэхүү хураамжийн 10 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж эхэлсэн байна.