СУРВАЛЖИЛГА: Долоон настай охин гэрт байсан бүх усаа цацаж галтай тэмцэлдээд ТАВАН САРТАЙ дүүгээ аварч гарчээ

СУРВАЛЖИЛГА: Долоон настай охин гэрт байсан бүх усаа цацаж галтай тэмцэлдээд ТАВАН САРТАЙ дүүгээ аварч гарчээ

-ДӨРВӨН “САЙХАН”-Д ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЦГААЯ-

“Үр хүүхдүүд минь л бүрэн бүтэн үлдэж байвал, босгож бүтээж болдог зүйл шатах ч яах вэ” хэмээн ярих хүн бол дөрвөн “САЙХАН” охины ээж, 30 дөнгөж шүргэж яваа Б.Болортуяа бүсгүй юм. Тэрээр хотоос нилээн зайдуу “Хонхор”-т “Цэцээ гүн”-ий амралтад барилгын тогоочоор ажилладаг. Өглөө нар мандах цагтай уралдан гэрээсээ гарч, үдшийн бүрий 23 цагт гэртээ яаран орж ирнэ. Б.Болортуяа дөрвөн хүүхэдтэй. Таван сартайгаас 11 насны дөрвөн охинтой. Хүүхдүүдийн аав өвчний улмаас бурхан болсон аж. Долоон настай болон 11 настай жаахан охид ээжийн эзгүйд ээж болж, хоёр бага дүүгээ хардаг.

Гэвч харамсалтай нь өнгөрөгч сарын 24-ы өдөр Б.Болортуягийн гэр галд өртсөний улмаас дөрвөн охинтойгоо тавуулаа өмссөн хувцастайгаа үлдсэн юм. Гал гарах үед гэрт ТАВАН сартай болон ДОЛООН настай хүүхдүүд байснаас долоохон настай бяцхан охин таван сартай дүүгээ галаас авран амьд гарч чадсан юм. Б.Болортуяагийн ээж хүүхдүүдээ галд гэрээ алдсаныг сонсоод Архангай аймгаас Улаанбаатар хотод яаравчлан ирсэн байдаг. Улмаар хань ижлээсээ хойш өрх толгойлж, үр хүүхэд, амьдралынхаа төлөө цаг наргүй зүтгэж яваа Болортуяа болон түүний дөрвөн охинд тусалж, дэмжихийг охидын эмээ элэг нэгт  монголчуудаасаа хүссэн учраас “ТВ5 телевиз”-ийн хамт олон тэднийг байртай болгох аяныг өрнүүлж эхлүүлээд байгаа юм. Тэд одоогоор хамаатныдаа толгой хоргодож байгаа. Иймд бид аянд нэгдэж тэдэнд жаахан ч атугай дэм болох үүднээс энэхүү сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.

-“ГЭРТ БАЙСАН БҮХ УСАА ЦАЦАЖ ДУУСААД, ДҮҮГЭЭ ТЭВРЭН НАЙЗЫНХ РУУГАА ГҮЙСЭН”-

Дүүгээ галаас авч гарсан долоон настай Сайханжаргал охины сэтгэл санааны байдал одоо хүртэл хүнд байгаа. Одоогоор ярьж, хэлэхдээ тааруухан байгаа гэж ээж нь ярилаа. Бид тавхан сартай нялх дүүгээ галаас авран гарсан бяцхан охин Сайханжаргалтай цөөн хором хөөрөлдөх гэж хичээсэн юм.

Тэрээр зурагт үзээд сууж байтал гэнэт залгуур масслан шатаж улмаар гал дүрэлзэн ассан гэв. Бяцхан охин гал гарахад яаран сандран гэрт байсан бүх усаа цацаж, тэрүүхэндээ балчирхан зүрхээрээ тэмцэж үзжээ. Гэвч гэрт байсан ус дуусч, ямар ч нэмэр болохгүйг ухаарч байдал бишдсэнийг мэдэн гар утсаа шүүрээд, унтаж байсан дүүгээ тэврэн хамар хашаа алгасан найзынх руугаа гүйсэн аж. Ингээд ээж рүүгээ залгуулан хэл чимээ дуулгажээ.

Сайханцэцэг долоохон настай ч эгч, ээжийгээ эзгүйд хоёр дүүгээ маш сайн асарчихдаг. Яг л том хүн шиг хоол ундыг нь хийж өгөөд, дүүтэйгээ жигтэйхэн их хөөрч, ярилцдаг тухай ээж нь хэлж байв. Түүний хийх дуртай хоол гурилтай шөл. Том болоод тогооч, зураач болох мөрөөдөлтэй тухайгаа бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр саяхан мөрөөдлийн байшингаа зурж үзүүлэн ээжийгээ баярлуулжээ. Одоо бол математикийн хичээлдээ илүү дуртай ба тоо бодох дуртай гэв.

-“ҮР ХҮҮХДҮҮД МИНЬ Л БҮРЭН БҮТЭН ҮЛДЭЖ БАЙВАЛ БОСГОЖ БҮТЭЭЖ БОЛДОГ ЗҮЙЛ ШАТСАН Ч ЯАХАВ ГЭЖ ШҮД ЗУУСАН”-

Бид дөрвөн “САЙХАН” охин болох Сайнхишиг, Сайханжаргал, Сайнзаяа, Сайханзаяа нарын ээж Б.Болортуяатай ярилцлаа.

-Галын шалтгаан эцсийн байдлаар тогтоогдсон уу?

-Урьдчилсан байдлаар тогны утас шатсанаас үүдэлтэй гэсэн. Намайг ажилдаа байх үеэр миний охины утсаар өөр айлын охин залгаад “Аниа танайх юу ч үгүй шатчихсан. Сайханаа дүүгээд аваад манай гэрт ирчихсэн байна” гэхээр нь ажлаасаа ухаан жолоогүй хот руу гарсан. Галын машин маш хурдан ирсэн ч, хормын төдийд л шатаад дуусчихсан гэсэн. “Үр хүүхдүүд минь л бүрэн бүтэн үлдэж байвал, босгож бүтээж болдог зүйл шатах ч яах вэ” гэж дотроо бодон өөрөө өөрийгөө тайвшруулан шүд зуугаад ирсэн. Намайг ирэхэд тэр хавийн таньдаг мэддэг айлууд цуглацгаасан байсан. Намайг очход том охин маань ирчихсэн сууж байсан, охидуудаа тэврээд “Миний бурхадууд амьд байгаа юм чинь болно” гээд уйлсан.

-Танайх өөрийн хашаандаа амьдардаг байв уу?

-Хашаа манай нөхрийн нэр дээр байдаг. Бид хоёр өчнөөн олон жил амьдарсан хэрнээ гэрлэлтээ батлуулаагүй байсан болохоор шилжүүлж авч чадаагүй. Одоо л бичиг баримтаа хөөцөлдөж байна. Би ханийгаа бурхан болсноос хойш хүний гар харж, бусдыг царайчлахгүй, бусдын дор орохгүй амьдарна гэж зүтгээд өдий хүрсэн. Тиймээс хандивын аян өрнүүлэхэд ч анх дургүй байсан л даа. Намайг байхгүй хойгуур манай ээж байртай болгох аян өрнүүлж тусалж өгөөч гэж гуйсан байсан. Тэгээд би телевийнхэнд хандаж “Миний гэр шатсан нь үнэн, бид өмсөх хувцастайгаа үлдсэн нь үнэн. Гэхдээ амьдрах итгэл байгаа учраас эрүүл саруул ажлаа хийгээд явж байхад болно. Эрхтэн бүтэн байж би хүнээс гуйлга гуймааргүй байна. Энэ миний нэр төрийн асуудал” гээд тухайн үедээ маш их уурласан.

-Яагаад?

-Тэр үед манай үеэл “Би өөрийгөө болгоод ирсэн, хойшдоо ч болгоод явчихна гэсэн бардам сэтгэлээр битгий ханд. Дөрвийн дөрвөн хүүхдийг чинь бодсон маш олон хүн тусалж дэмжихийг хүсч байгаа. Чамайг ажилдаа явсан хойгуур үр хүүхдүүд чинь гал түлж зутрахгүй, даарч хөрөхгүй, айх аюулгүй амьдрана. Тэд чинь ая тухтай байвал ядаж л сэтгэл чинь амар тайван байж, ажлаа сайн хийх болно” гэж хэлснээс хойш би хэтэрхий өөрийгөө, өөрийнхөө нэр төрийг бодож амин хувиа хичээж байснаа ухаарсан. Тэгээд телевизийнхээсээ ч уучлал гуйсан. Тэд миний үр хүүхдүүдийн төлөө л энэ бүхнийг эхлүүлж, хийж байгааг ойлгосон юм. Энэ шийдвэрийг гаргахад манай үеэл надад нөлөөлсөн. Одоо бодоход маш  их баярлаж байна.

-Цаг наргүй ажиллаж байхад тань таны бяцхан охидууд бие биендээ тус дэм болоод өөрсдийгөө болгочихдог мундаг хүүхдүүд юм аа. Охидуудаа хэрхэн яаж хүмүүжүүлдэг вэ?

-Том хоёр охин маань өглөө, орой хичээллэж зөрдөг. Тэгээд ээлжээд дүү нараа харчихдаг. Охидууд минь хэрсүү ухаантай, мундаг. Ялангуяа хоёрдугаар ангийн охин минь дүүгээ илүү сайн хардаг. Тэр болгон загнаж зодоод, үглээд байдаггүй юм л даа. Харин охидуудаасаа би “Ээж нь та нарыг аавгүй өсгөж байгаа хэдий ч, эд зүйлээр дутаахгүй нь төлөө ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Эцгийн хайраар дутааж яваа хэдий ч, эдээр дутаахгүйг хичээж явааг минь сайн ойлгоорой” гэж гуйдаг. /уйлав.сурв/ “Дүү нь одоо нялх балчир байгаа хэдий ч хойтон жил хөлд ороод биеэ даачихна. Тийм болохоор миний хоёр зулзага жаахан тэвчээр гаргаад хичээгээрэй. Хэрэв ээж нь ажил хийхгүй бол хэдүүлээ юу идэж уух билээ” гэж хэлж тайлбарладаг юм. Хариуд нь миний хоёр охин маш сайн ойлгож хүлээж авдаг. Би хүүхдүүдээ заавал онц сур, сайн дүн ав гэж шахаад байдаггүй. Миний хүүхдүүд хамгийн гол нь зөв хүн болох ёстой. Харин гэрээ шүүрдээд аягаа угаагаад сурчихвал хүүхдүүдэд минь өөрт нь хэрэгтэй.

-Та өөрөө “болгоно, бүтээнэ” гэсэн сэтгэлийн их хаттай, тэвчээртэй юм. Энэ зан тань айлын ууган хүүхэд байж, дүү нараа өсгөлцсөнтэй тань холбоотой юу.

-Хүнд байгалиас заяасан нэг чанар байдаг юм шиг ээ. Манай нөхрийг бурхан болж байхад хүмүүс “Чи ганцаараа хүүхдүүдээ өсгөнө гэж юу байдаг юм бэ. Тал тал тийш нь хүнд өргүүлээд гадаад гар. Чи залуу байна” гэж хэлж байсан. Гэхдээ би “Хүнд өгөх гэж хүүхэд төрүүлээгүй ээ. Хүнээс гуйхгүй, бусдын дор орохгүй өсгөж чадна” гэж зүд зуусан. /уйлав.сурв/ Байртай болоод хүүхдүүд минь ус зөөхгүй, гал түлэхгүй дулаахан гэрт байж байвал сэтгэл амар ажлаа хийх байх. Хандивын аян өрнүүлж байгаа “ТВ5 телевиз”-ийнхэндээ маш их талархаж байна. Аян өрнүүлснээс хойш сэтгэлийн дэм өгч, итгэл хайрлаж, тусалж дэмжиж байгаа бүх хүнд баярлалаа.

ХАНДИВЫН ДАНС: БАТСАЙХАН БОЛОРТУЯА

ХААН БАНК: 500 620 6169