Туул голын мөс цөмөрч хоёр машин живжээ

Туул голын мөс цөмөрч хоёр машин живжээ

Өчигдөр Туул голын мөс цөмөрч, машин живсэн хоёр хэрэг бүртгэгджээ.

Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 11:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12:45 цагт очиж, 45 минут ажиллан татаж гаргасан байна.

Мөн нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-ийн жолоодож явсан 10 зорчигчтой “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр 17:16 цагт хүлээн авч, автомашиныг татан гаргажээ.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.